Канадын “Lucara Diamond” компани Ботсваны “Karowe” уурхайд 2492 карат жинтэй очир эрдэнэ илрүүлжээ. Энэ нь сүүлийн 120 жилд олдож байгаа хэмжээгээрээ хамгийн том алмаз бөгөөд өнөөг хүртэл илэрч байсан дэлхийд хоёрт бичигдэх том очир эрдэнэ юм гэж Блүмберг агентлаг онцолжээ.
Очир эрдэнийг үнэлэх ажил үлдээд байна. Өндөр чанарын үнэт чулуу гарч ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Түүхэнд илрүүлж байсан хамгийн том Cullinan очир эрдэнийг мөн Өмнөд Африкт олж байжээ. Чулууны жин нь 3106 карат байжээ.
“Karowe” орд нь том хэмжээний очир эрдэнийн нөөцөөрөө алдартай. 2015 онд “Lucara Diamond” 1109 карат жинтэй Lesedi La Rona алмазыг илрүүлж байжээ. Чулууг 53 сая ам.доллароор худалдаж байсан бол мөн ордод 813 карат алмаз олдож, 63 сая ам.долларын үнэд хүрч байв. Тус хоёр чулуу IIa ангиллынх буюу хамгийн цэвэр алмазын төрөлд багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )