Габонд цэргийн эргэлт гарч, шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр үндэсний гвардийн командлагч генерал Брис Олигуи Нгемаг томилжээ.
Габоны Ерөнхийлөгч Али Бонго Ондимба гэрийн хорионд байна гэж ВВС агентлаг мэдээлжээ. Түүний гэр бүл Габоныг 50 гаруй жилийн турш удирдаж байв. Тус улсад хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Төрийн эрхийг булаан авсан цэргийнхэн санал хураалтын дүнг хүчингүйд тооцож, улсын хилийг хаан, төрийн байгууллагуудыг тарааж байгаа тухай мэдэгджээ. 2020 оноос хойш Баруун болон Төв Африкт найм дахь удаа төрийн эргэлт гарч байна. Хамгийн сүүлд буюу 2019 онд Габон улсад төрийн эргэлт хийхийг завдаж байжээ.Тухайн үед энэ оролдлого бүтэлгүйтсэн.
Бямба гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарч, Ерөнхийлөгч Али Бонго гурав дахь удаа сонгогдсон хэмээн зарласан. Али Бонгогийн гэр бүл тус улсыг 1967 оноос хойш удирдаж байна. Түүний эцэг Омар Бонго төрийн тэргүүний албыг 40 гаруй жил тасралтгүй хашиж, нэг бус удаа авлигын хэрэгт холбогдож байжээ. Али Бонго төрийн жолоог эцгээсээ 2009 онд хүлээн авсан. 2016 онд дахин сонгогдсон.
Габоны Сонгуулийн хорооны мэдээллээр, Бонго 64.27 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Алберт Ондо Осса 30.77 хувийн санал авчээ. Сөрөг хүчин сонгуулийн луйвардсан гэж үзэж байна. Алберт Ондо Оссагийн мэдэгдсэнээр, санал хураалтын ихэнх хэсгүүдэд түүний нэр бүхий саналын хуудас байгаагүй аж.
Санал хураалтын үеэр олон улсын ажиглагчдыг уриагүй бөгөөд гаднын мэдээллийн хэрэгслүүдийн мэдээ цацах сувгийг хааж, шөнийн цагаар хөл хорио тогтоожээ. НҮБ, Африкийн Холбоо, АНУ, Европын улс орнууд төрийн эрхийг хууль бусаар булаан авах оролдлогыг буруутгаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ. Габон дахь нөхцөл байдал дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд хүргэв. Йоханнесбургийн биржийн мэдээллээр, “Brent” маркийн газрын тосны нэг баррель нь 0.67 хувиар өсөж, 86.26 ам.долларт хүрчээ. Габон нь ОПЕК-ийн гишүүн орон бөгөөд хоногт 200 мянган баррель газрын тос олборлодог. Газрын тос нь тус улсын экспортын орлогын 70.5 хувийг бүрдүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )