Болив улсад төрийн эргэлт хийхийг завдав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

Энэ сарын 26-нд Боливийн Засгийн газрын ордны өмнө цэргүүд цуглан, армийн командлагч асан Хуан Хосе Сунига “эх орноо эргүүлэн авна” хэмээн мэдэгдэв.

Юу болов:

-Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе Х сүлжээгээр дамжуулан тус улсын армийн зарим анги, нэгтгэлүүдэд хэвийн бус хөдөлгөөн өрнөж байгаа талаар мэдэгдэв.

-Ла Пас дахь засгийн газрын ордны өмнөх талбайг цэргүүд эзэлж, ордныг эзлэхийг завдав.

-Цэргүүдийг өмнөх өдөр нь огцорсон армийн генерал Хуан Хосе Сунига удирджээ. Түүнийг Ерөнхийлөгч асан Ево Моралесыг баривчлахад бэлэн гэж мэдэгдсэний дараа албан тушаалаас нь огцруулсан байна.

-Сунига “эх орноо эргүүлэн авах”-ыг зорьж байна хэмээн мэдэгдээд улс төрийн хоригдлууд, тэр дундаа ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Жанин Аньесыг суллахыг шаардав. Төрийн эргэлтийн хэргээр 10 жилийн хорих ял эдэлж байгаа Аньес хорих газраас болж буй хэргийг буруутгасан байна.

 

-Засгийн газрын ордонд ажиллаж байсан бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэв.

-Боливт төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 17 хүнийг баривчлаад байна. Засгийн газрын арга хэмжээ

-Боливийн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгт хандан, тусламж хүсжээ. Аргентин, Бразил, Венесуэл, Гватемал, Хондурас, Иран, Колумб, Куба, Никарагуа, Мексик, Панам, Перу, Америкийн Улсуудын байгууллага, Европын холбоо болон НҮБ эв санааны нэгдлээ илэрхийлэв.

-Зэвсэгт хүчний шинэ удирдлага тангараг өргөв. Зэвсэгт хүчний шинэ командлагч Хосе Уилсон Санчес Веласкес Засгийн газрын эсрэг боссон цэргүүдийг хуарандаа буцахыг уриалсны дараа цэргүүд тарж эхэлжээ.

-Батлан хамгаалахын сайд Эдмундо Новильо эрх баригчид Зэвсэгт хүчнийг бүрэн хяналтад авсан тухай мэдэгдэв.

-Сунигаг баривчилж, терроризмын хэрэгт буруутгаж байна. Зургаадугаар сарын 23-нд тэрбээр Ерөнхийлөгч Арсе-тай уулзаж, Арсе түүнээс нэр хүндийг нь өсгөхөд туслахыг хүссэн гэж мэдүүлжээ. Сунига цагдаа нарыг өөрийнхөө талд элсүүлэхийг оролдож байжээ.

-Тэнгисийн цэргийн хүчний командлагч асан Хуан Арнес Салвадорыг баривчлав.

-Генерал Хуан Хосе Сунигаг 15-20 жил хорьж магадгүй.

Боливийн Батлан хамгаалахын сайд Эдмундо Новильо төрийн эргэлтийг гаднаас зохион байгуулсан байж магадгүй хэмээн мэдэгджээ. “Гаднын хүчнүүд байгалийн баялгийг тонон дээрэмдэхийн тулд төрийн эргэлт хийхийг өдөөн хатгасныг үгүйсгэх аргагүй” гэжээ. Тус улсын литийн нөөц гаднынхны сонирхлыг ихээхэн татаж байгаа гэж Новильо онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top