Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Суданы арми болон тусгай хүчний командлагч нарт Анкарад уулзаж, тус улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг төгсгөх нөхцөлийг хэлэлцэхийг санал болгожээ.
“Sudan Tribune” хэвлэлд мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт Эрдоган армийн командлагч Абдел Фаттах аль-Бурхан, тусгай хүчний командлагч Мухаммед Хамдан Дагало нартай хэд хэдэн удаа утсаар ярьж, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр энхийн хэлэлцээ хийхэд Турк улс зуучлахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр Анкарад хоёр талын хэлэлцээг зохион байгуулах санаачилга дэвшүүлж, уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангах баталгаа олгохоо амлажээ.
Даваа гарагт /2023.04.24/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Суданы мөргөлдөгч талууд гурван хоног эвлэрэл зарлахыг зөвшөөрсөн тухай мэдэгджээ. Энэ нь арван хоног үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр зарлаж байгаа гурав дахь удаагийн гал зогсоох санаачилга юм. Өмнөх хоёр гал зогсоох тохиролцоо хэрэгжээгүй билээ. АНУ, Саудын Араб хоёр зуучилсны дүнд мөргөлдөгч талууд 48 цаг хэлэлцээ хийж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн хэмээн Энтони Блинкен онцолжээ. Гал зогсоосноор Хартум хотын оршин суугчид болон гаднын иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Үүнтэй зэрэгцэн Их Британи Судан дахь нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан хийх хүсэлт тавиад байна.
Суданы армийн командлагч бөгөөд тус улсын төрийн эрхийг барьж буй Дээд зөвлөлийн дарга Абдел Фаттах аль-Бурхан, тусгай хүчний командлагч бөгөөд Дээд зөвлөлийн дэд дарга Мухаммед Хамдан Дагало нарын хооронд үл ойлголцол Зэвсэгт хүчин, тусгай хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )