Цэргүүд Суданы нийслэлийг бүсэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Даваа гарагийн /2021.10.25/ өглөөний байдлаар Суданы нийслэл Хартум хот цэргийнхэнд бүрэн бүслэгдээд байна гэж “Asharq” сувгаар мэдээлжээ.

Хот руу орж, гарах бүх цэг, гүүр, төв гудамжнуудыг хаасан бөгөөд автомашины хөдөлгөөн бүрэн зогсоод байна.

Түүнчлэн, цэргүүд нийслэлийн нисэх онгоцны буудлыг бүсэлжээ.

Al Arabiya” сувгийн мэдээлснээр, иргэний агаарын тээврийн томоохон компаниуд хоёр хоногийн өмнөөс Хартум чиглэлийн нислэгээ түр зогсоожээ.

Үүнтэй зэрэгцэн төрийн эрхийг булаан авахыг завдаж буй цэргийнхнийг эсэргүүцсэн иргэд гудамжинд гарч, автомашины дугуй шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
 

Хэдхэн цагийн өмнө эрх баригч Хараат бус зөвлөлийн тэргүүн Абдел Фаттах аль-Бурханы Ерөнхий сайд Абдалла Хамдуктай хийсэн уулзалтын дараа нийслэл Хартум хотод олныг хамарсан баривчилгаа эхэлжээ. Энэ үеэр хэд хэдэн сайд, Хараат бус зөвлөлийн гишүүн болон Хартум хотын захирагчийг баривчилсан байна. Хожим нь Засгийн газрын тэргүүн болон зөвлөхийг нь гэрийн хорионд оруулжээ. Үүний сацуу улс төрийн намуудын удирдагчдыг баривчилж эхэлсэн тухай мэдээлэл гарч байна.

Ойрын үед аль-Бурхан мэдэгдэл хийх гэнэ. “Al Arabiya” сувгийн эх сурвалжийн мэдээллээр, аль-Бурхан Судан улсад онц байдал тогтоож, Үндсэн хуулийн тунхгийн үйлчлэлийг түр хугацаанд зогсоох тухай мэдэгдэхээр зэхэж байгаа аж. Үндсэн хуулийн тунхгийг 2019 оны наймдугаар сарын 17-нд Цэргийн зөвлөл, сөрөг хүчний Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх эвсэл байгуулжээ. Тус баримт бичиг гурван жил, гурван сарын хугацаанд үргэлжлэх шилжилтийн үе суурь хуулиар тооцогдож байсан юм. Тус баримт бичигт төрийн гол гол байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааных нь чиглэлийг тусгасан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top