Суданы хямрал: Жагсагчид цэргийн зөвлөлийг эсэргүүцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Судан улсад үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг удирдагчид тус улсыг удирдаж буй цэргийн зөвлөлтэй харилцаагаа тасаллаа. Жагсагчид цэргийн зөвлөлийг Суданы ерөнхийлөгч асан Омар аль-Баширын дэглэмийн “үлдэгдлүүд”-ээс бүрдсэн хэмээн эсэргүүцэж байгаа юм. Олон мянган жагсагчид Хартум хот дахь Суданы армийн төв штабын гадаа цугларч, иргэний зөвлөл байгуулан, төрийн эрх мэдлийг өгөхийг шаардаж байна.

Цэргийн зөвлөлийн зүгээс Цэрэг-иргэний зөвлөл байгуулах асуудлыг судлах хариу өгчээ.

Жагсаалыг удирдагчид Судан улсыг шилжилтийн үед удирдах иргэний зөвлөлд өөрсдийн нэрийг дэвшүүлэхийг хүсч байсан нь ийнхүү талаар өнгөрч байна. Ингэснээр, сөрөг хүчнийхэн цэргийн зөвлөлтэй хийж буй яриа хэлэлцээг зогсоож, тэмцлээ эрчимжүүлнэ гэж мэдэгдэв. Тэд шилжилтийн Засгийн газар байгуулж, сонгууль хийхийг зорьж байгаа юм.

Одоогийн байдлаар цэргийн зөвлөл дэх генералууд байр сууриа улам баталгаажуулж байна. Тэднийг дэмжин Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улс нийт 3 тэрбум ам.долларын тусламж өгсөн юм. Түүнчлэн цэргийн зөвлөл улс төрийн хоригдлуудыг суллаж, Баширын намын нөлөө бүхий гишүүдийг баривчилсан. Хэдийгээр цэргийн зөвлөл жагсагчдыг тараахгүй гэж амлаад буй ч, хэвийн амьдралдаа эргэн орохыг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top