Суданд өнгөрсөн бямба гарагт /2023.04.15/ тус улсын арми, тусгай хүчний хооронд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас дор хаяж 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархадсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.
Суданы армийн командлагч бөгөөд тус улсын төрийн эрхийг барьж буй Дээд зөвлөлийн дарга Абдел Фаттах аль-Бурхан, тусгай хүчний командлагч бөгөөд Дээд зөвлөлийн дэд дарга Мухаммед Хамдан Дагало нарын хооронд үл ойлголцол үүссэний улмаас хурцадмал байдал үүсээд байна. Дөрөвдүгээр сарын 15-нд Мерове болон Хартум хот дахь цэргийн бааз орчим Суданы арми, тусгай хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан.
Ням гарагт зэвсэгт мөргөлдөөн Умард Кордофан, Гедареф, Кассала, Умард Дарфур, Баруун Дарфур болон Өмнөд Дарфур мужуудад үргэлжилжээ. Суданы арми Хартум хотын дагуул Омдурман хотын орчимд байрладаг тусгай хүчний баазад агаарын цохилт өгч, тусгай хүчний бүх штабыг хяналтдаа авчээ. Дөрөвдүгээр сарын 16-нд Суданы Зэвсэгт хүчин нөхцөл байдал тогтворжсон гэж зарласан ч зэвсэгт мөргөлдөөн үргэлжилжээ.
Тусгай хүчин Ерөнхийлөгчийн ордон, олон улсын нисэх онгоцны буудлууд, нисэх хүчний бааз, жанжин штаб болон бусад цэргийн объектуудыг эзэлсэн тухай мэдээлсэн ч Зэвсэгт хүчний зүгээс энэхүү мэдээллийг няцаасан байна.
Суданы Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч тусгай хүчнийг устгахыг тулд хэдэн хоног шаардлагатай хэмээн онцолжээ.
Ням гарагт Суданы арми энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай тусламж хүргэх зорилгоор хүмүүнлэгийн коридорыг өдөр бүр гурван цагийн хугацаанд нээх тухай мэдэгджээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гурван ажилтан зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсаны дараа тус улс дахь үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл талуудад хандан галаа зогсоож, хэлэлцээний ширээнд ард суухыг уриалсан байна.
Суданд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Катарын иргэний агаарын тээврийн “Qatar Airways” компани Судан руу хийх нислэгээ түр зогсоосон тухай мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )