Цэргийнхэнд баривчлагдаад байсан Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдок гэргийн хамтаар суллагдан, хатуу хамгаалалтын дор Хартум хотын Кафури дүүрэг дэх өөрийнхөө өргөөнд буцан иржээ.
Суданы хэд хэдэн сайд болон улс төрийн хүчнүүдийн тэргүүн нар саатуулагдсан хэвээр байгаа бөгөөд тэд хаана байгаа нь тодорхойгүй байна.
Суданы цэргийнхэн өнгөрсөн даваа гарагт /2021.10.25/ Ерөнхий сайд Абдалла Хамдок болон Засгийн газрын хэд хэдэн гишүүнийг баривчилж, шилжилтийн Хараат бус зөвлөлийн тэргүүн Абдел Фаттах аль-Бурхан төрийн телевизээр дамжуулан тус улсад онц байдал тогтоож, Хараат бус зөвлөл болон Засгийн газрыг тараасан тухай зарласан билээ.
Хожим нь Суданы Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Абдел Фаттах аль-Бурхан, Хамдок түүнийг гэрт байрлаж байгаа хэмээн мэдээлж нөхцөл байдал намжиж, аюулгүй болсон цагтаа гэртээ харих боломжтой гэж мэдэгджээ.
2021 оны есдүгээр сард Суданы эрх баригчид тус улсад цэргийн эргэлт гаргахыг завдсан хэргийг таслан зогсоосон тухай мэдээлж байв. Зэвсэгт хүчний командлалын мэдээллээр, төрийн эргэлт хийхээр завдсан ихэнх этгээдийг баривчилсан байна. Тухайн үед Ерөнхий сайд Хамдок арми болон аюулгүй байдлын албадад шинэчлэл хийх шаардлага буй энэ үйл явдал харуулж байна гэж мэдэгдэж байсан билээ. Цэргийн эргэлт хийх оролдлогыг Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг дэмжигчид зохион байгуулсан гэж Суданы эрх баригчид мэдэгдэж байсан юм. Аль-Баширыг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан цэргийн эргэлтээр албан тушаалаас нь буулгасан. 30 жил тус улсыг удирдсан түүнийг шоронд хорьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )