Суданы эрх баригч Хараат бус зөвлөлийн тэргүүн генерал Абдел Фаттах аль-Бурхан тус улсад онц байдал зарлаж, удирдаж буй зөвлөл болон иргэний Засгийн газраа тараасан тухай зарлав.
Генерал Бурхан телевизээр ард иргэддээ хандаж хийсэн мэдэгдэлдээ шинэ технократ засгийн газар тус улсыг 2023 оны долоодуугар сард болох сонгууль хүртэлх хугацаанд удирдана гэж онцолжээ. Түүний хэлснээр, Суданы улс төрийн нам, хүчнүүдийн хоорондын тэмцэл цэргийнхнийг хөндлөнгөөс оролцож, засгийн газрыг тараахад хүргэсэн гэжээ. Тэрбээр төрийн эрх иргэний засгийн газарт шилжих хүртэл Зэвсэгт хүчин ардчилсан шилжилтийг хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
Тус улсын мэдээллийн яам энэхүү алхмыг цэргийн эргэлт хэмээгээд цэргийнхэнд хандан Хараат бус зөвлөл, засгийн газрын гишүүдийг суллахыг шаарджээ. Түүнчлэн, тус яамны мэдэгдсэнээр, холбооны болон мужийн яамны ажилтнууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн, ажил хаях болно гэжээ.
Суданы ардчиллын төлөөх Мэргэжлийн ассоциац ард иргэддээ хандан гудамжинд гарч, цэргийн эргэлтийн эсрэг тэмцэж, ажил хаяхыг уриалжээ.
Суданы Коммунист нам Бурханы удирдсан цэргийн эргэлтийн эсрэг ажил хаяхыг уриалсан байна.
Суданд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр хаалттай хуралдахаар болжээ.
Суданы цэргийн эргэлтийг АНУ, Их Британи, Норвегийн гурвал Суданы хувьсгалаас нүүр бууруулсан урвалт хэмээн мэдэгдсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гетерриш, Германы гадаад хэргийн сайд Хайко Маас, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар цэргийн эргэлтийг буруутгаж, Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдокийг суллахыг уриалжээ. БНХАУ Суданы улс төрийн хүчнүүдэд хандан улсынхаа энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд яриа хэлэлцээ хийхийг уриалсан бол Африкийн холбооны комиссын тэргүүн Мусса Факи Махамат цэрэг, иргэний төлөөлөлд хандан яриа хэлэлцээний ширээний ард суухыг уриалжээ.
Үүнтэй зэрэгцэн цэргийн эргэлтийг эсэргүүцсэн энгийн иргэд гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлж байна. Өнгөрсөн даваа гарагт /2021.10.25/ болсон эсэргүүцлийн цуглааны үеэр долоон хүн амиа алдаж, 140 орчим хүн бэртэж, гэмтсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Даваа гарагийн /2021.10.25/ өглөө Суданы нийслэл Хартум хот цэргийнхэнд бүрэн бүсэлж, хэд хэдэн сайд, Хараат бус зөвлөлийн гишүүн болон Хартум хотын захирагчийг баривчилсан билээ. Тэдний хаана байгаа нь одоо хэр тодорхойгүй байна.
2019 оны дөрөвдүгээр сард Суданд эдийн засгийн гүн хямрал, амьдралын түвшин буурсантай холбогдуулан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэн төрийн эргэлт гарсан билээ. Тус улсыг 30 жил удирдсан Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг төрийн эрхээс нь түлхэн унагаж, хожим нь шоронд хорьсон юм. 2021 оны есдүгээр сард мөн төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоож байсан билээ. Тухайн үед Ерөнхий сайд Абдалла Хамдок төрийн эргэлт хийх оролдлого нь арми болон аюулгүй байдлын албадад шинэчлэл хийх шаардлага буйг харуулж байна гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )