Суданд жагсагчдыг тараах үеэр 35 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Судан улсын нийслэл Хартум хотноо Цэргийн зөвлөлийг эсэргүүцэн жагсагчдыг тараах үеэр амиа алдсан хүний тоо 35 хүрч, 100 гаруй хүн шархадсан гэж Суданы сөрөг хүчний хорооны эмч нар мэдэгджээ.

Олон зуун хүн хүндээр шархдаж, ихэнх нь сэхээн амьдруулах тасагт байгаа гэнэ. Хууль хүчнийхэн эмнэлгүүдийг бүслэн, эмч нарыг саатуулж байгаа учир амиа алдсан хүний бодит тоог гаргах боломжгүй байгаа аж. Жагсагчид, эмч нарын хэлж буйгаар, олон тооны цогцсыг мөн Нил мөрөн рүү хаясан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Суданы нисгэгч, профессоруудын холбоод Суданы Цэргийн зөвлөл огцортол ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.

Даваа гарагийн өглөө /2019.06.03/ Суданы арми Хартум хотын төв дэх батлан хамгаалах яамны байрны урд талбайд суулт хийж буй жагсагчдыг тарааж эхэлсэн юм. Энэ үеэр галт зэвсэг ашигласан бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн Хартум хотын төв гудамжнуудыг хаасан аж. Жагсагчдыг галт зэвсэг хэрэглэн хүчээр тараах ажиллагаа явуулсны дараа Суданы сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд” эвсэл Цэргийн зөвлөлтэй хийж байсан яриа хэлэлцээг зогсоосноо зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top