Африк даяар эрүүл мэндийн салбарт онц байдал зарлав

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Ардчилсан Конго, Угандад Эбола халдварт өвчин дэгдсэний улмаас Африкийн холбооны Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүд нийгмийн эрүүл мэндийн салбарт онц байдал зарлажээ.

Эбола халдварт өвчин хүн амын эрчимтэй шилжилт хөдөлгөөн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сул арга хэмжээ зэрэг шалтгаанаас үүдэн бүс нутгийн хэмжээнд тархах эрсдэл өндөр буйг мэдэгдэлд онцолжээ.

Африк даяар онц байдал зарласнаар нэмэлт санхүүжилт болон техникийн нөөц бололцоог төвлөрүүлэх, тив даяар хяналтыг чангатгах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Конгогийн эрх баригчдын мэдээллээр, Эбола өвчний улмаас тус улсад 131 хүн нас барж, 513 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Угандад нэг нас баралт бүртгэгджээ. Сүүлийн 50 жилд Эбола өвчний улмаас Африк тивд нийт 15 мянган хүн нас барсан байна.

Энэ удаагийн халдварын голомт Конгогийн зүүн хэсэгт Итури мужид бүртгэгдээд байна. Тус мужид сувилагч Эболагаар нас барсан нь анхны тохиолдол болж бүртгэгджээ. Халдвар анх алт олборлолт хийж буй уурхайчдын дунд тархсан гэж үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эбола вирусийн Бундибужио омгийг эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг Конгод эхлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргана гэж ДЭМБ-ын Конго дахь төлөөлөгч Анн Ансиа тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top