Ардчилсан Конго улсад Эбола вирусийн тархалт хяналтаас гарчээ

Я.Болор | Zindaa.mn
43 минутын өмнө

Ардчилсан Конго улсын Хойд Киву мужид Эбола вирусийн тархалт хяналтаас гарсан тухай “Хил хязгааргүй эмч нар” байгууллага мэдээлжээ.

Тус улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын 40 орчим хувь нь Хойд Киву мужид ногдож байна. Бутембо хотын Эбола вируст халдварыг эмчлэх төвийн зохицуулагч Стефани Хоффманы ярьснаар, нас баралтын 75 хувь нь эмнэлгээс гадна бүртгэгдэж байна.

Ардчилсан Конго улсад дэгдсэн Эбола вирусийн халдвар энэхүү аюулт өвчнийг ажиглаж эхэлснээс хойших хугацаанд тохиож буй хамгийн өргөн цар хүрээтэй дэгдэлд болж болзошгүй байна гэж энэ оны наймдугаар сарын 26-нд мэдээлж байв. Шинжээчдийн үзэж буйгаар, халдварын талаарх тоон мэдээлэл дарагдсан бөгөөд бодит байдалд хамаагүй өндөр байх магадлалтай. Тус улсын зүүн хэсгийн оршин суугчид халдвар хамгааллын арга хэмжээг мөрдөхгүй байна. Тухайлбал, Эбола вирусийн халдварын төв болсон Итури мужийн нийслэл Буниад ийм дүр зураг түгээмэл ажиглагдаж буйг шинжээчид анхааруулжээ.

Конго улсад Эбола вирусийн халдвар анх дөрөвдүгээр сард тархаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 8603 тохиолдол бүртгэгдсэнээс 4148 нь энджээ.

Есдүгээр сарын эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ удаагийн дэгдэлт асар хурдтай тархаж буйг анхааруулаад эмч нар мэдэж чадаагүй вирусийн халдварын гинжин хэлхээ байгааг онцолж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top