Үхлийн аюулт “Эбола” вирусийг эмчилдэг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд заналхийлсэн “Эбола” вирусийн халдварыг зогсоохоор Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дөрвөн эм туршжээ. Уг эмүүдийн хоёрынх нь туршилт амжилттай болсон учир одоо энэхүү үхлийн аюулт вирус эмчлэгдэхгүй халдвар байхаа больсон талаар эрдэмтэд мэдээлэв.

Туршсан эмүүд нь “Эбола”-гийн халдвартай хүмүүсийн нас барах магадлалыг ихээр бууруулж байсан аж. Конго дахь Био-анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн профессор Жан-Жак Муембегийн ярьснаар энэ нээлт нь олон мянган хүний амийг аврах юм.

"Эбола" вирус нь цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин. Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад элбэг. Амьтнаас хүнд, хүнээс хүнд дамжин халддаг энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 90 хүртэлх хувь нь нас бардаг аж.

"Эбола" вирусээр 2013 онд Африкийн Гвиней улсын иргэн өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад халдвар тархсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү халдварын нөхцөл байдлыг "өндөр эрсдэл бүхий", "нийгмийн эрүүл мэндэд аюултай, онцгой нөхцөл байдал үүссэн" гэж зарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top