Дэлхийн эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа боловч вакцины тэгш бус байдал, төсвийн дэмжлэг дутмаг байдлаас болж өндөр хөгжилтэй орнууд болон хөгжиж буй орнуудын хоорондын ялгаа улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан анхааруулжээ.
ОУВС Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн үеийн тайландаа дэлхийн эдийн засаг энэ онд зургаан хувиар өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Түүнчлэн ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 4.9 хувь болж буурна гэж үзэж байна. Дэвшилтэт эдийн засагтай орнуудын эдийн засаг 2022 онд 4.4 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа бол хөгжиж буй орнуудын өсөлт энэ онд 6.3 хувь, 2022 онд 5.2 хувь болж буурахаар байгаа ажээ.
Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил хүлээгдэж буй долоон хувиас огцом буурч, ирэх онд 4.9 хувь болж буурахаар байгаа гэнэ. Европын орнуудын эдийн засгийн өсөлт 2021 онд 4.6 байсан бол 2022 онд 4.3 хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Вирусийн хувилбарууд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг сааруулж, 2025 он гэхэд дэлхий дахин дөрвөн триллион 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, олон мянган иргэн ядуусын эгнээнд шилжиж, нийгмийн эмх замбараагүй байдал, геополитикийн хурцадмал байдал улам бүр газар авах магадлалтайг Олон улсын валютын сан мөн онцолжээ.
Түүнчлэн сүүлийн үед олон оронд ажилгүйдэл богино хугацаанд хурдацтайгаар нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, АНУ-д гуравдугаар сарын дунд үеэс хойш дөрвөн ажилчин тутмын нэг нь ажилгүйдэлд өртжээ. Тус улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 6.4 хувь, 2022 онд 3.5 хувь байна гэж ОУВС таамаглаж байна. Харин Евро бүсийн эдийн засгийг 2022 онд 3.8 хувиар өсөхөөр таамаглажээ. ХБНГУ, Франц, Итали зэрэг оронд цар тахлаас үүдэлтэй хөл хорио дахин чангарч байгаа ч вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дэлхийн эдийн засаг сэргэснээр тус бүсийн эдийн засаг 2021 онд 4.4 хувь байх бол 2022 онд 3.8 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна.
Европын Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хасах хүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ бондын худалдан авалтын хөтөлбөрийн хэмжээг 1.85 их наяд евро болгон нэмэгдүүлж, хэрэгжилтийн хугацааг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгажээ. Харин Азийн орнууд тэр тусмаа Япон Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөхөөр байна. Тус улсын эдийн засаг 2020 онд 4.8 хувиар агшсан бөгөөд өнгөрсөн оны эцэст зарласан 73.6 их наяд иений багц арга хэмжээний хэрэгжилт болон вакцинжуулалтын үр дүнд тус улсын эдийн засгийн идэвхжил 2021 оны сүүлийн хагаст цар тахлын өмнөх түвшинд хүрч, 2021 онд 3.3 хувиар, 2022 онд 2.5 хувиар тус тус өснө гэж ОУВС үзэж буй юм.
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 2022 онд 5.6 хувиар өсөхөөр таамаглагдаж байна. БНХАУ-ын Засгийн газар цаашид шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжсэн, дотоодын хэрэглээ, үйлдвэрлэлд түлхүү суурилсан гадаад болон дотоод эрэлтийн “хосолмол эргэлт” (dual circulation) бүхий эдийн засгийг бий болгох шинэ загварыг танилцуулсан. Тус улс 2016-2020 оны таван жилийн төлөвлөгөөнд ДНБ-д эзлэх үйлчилгээний секторын жинг 56 хувьд хүргэх зорилт тавьсан бол ирэх таван жилийн төлөвлөгөөнд уг зорилт тусгагдаагүй байна. Энэ нь тус улс ирэх онуудад аж үйлдвэрийн секторыг түлхүү дэмжиж, өсөлтийн хурдыг үйлчилгээний сектортой ижил түвшинд хүргэхийг зорьж байгааг илтгэж байна гэж EIU байгууллагаас үзэж буй юм. БНХАУ-ын Засгийн газраас 2021 оны ДНБ-ий өсөлтийн зорилтыг зургаан хувиас дээш байхаар зарласан бөгөөд ОУВС 8.4 хувиар өснө гэж таамаглажээ.
2021 онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сэргэж, 2022 онд ОХУ-ын эдийн засаг 3.8 хувиар өснө гэж таамагласан байна. Ирэх онуудад хөрөнгө оруулалтын идэвхжил эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгаа аж. Тухайлбал, 2021-2023 онд үндэсний баялгийн сангаас нэг их наяд рублийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж байгааг ОХУ-ын Сангийн сайд мэдэгджээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )