Г.Ёндон, Х.Хэрлэн, Ц.Эрдэнэбаяр нарын эс үйлдэхүй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

Тэд татваргүй хуурамч шатахуунтай эвлэрч, иргэдийн халаасыг сэгсрэх  импортын үнийн нэмэгдлийг ам уралдан зарлав.

Олон жилийн турш иргэдийг эд мөнгө, эрүүл мэнд, амь насаар нь хүртэл хохироосон хуурамч шатахуун үйлдвэрлэгчидтэй эвлэрчихсэн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын дарга нар энэ удаагийн шатахууны үнийн өсөлтийг ам уралдан мэдээлэв. Тус газрын шатахууны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нэг л өглөө Монгол Улс чөлөөт зах зээлийн системтэй гэдгийг мэдсэн бол дарга Х.Хэрлэн нь төр 600 төгрөгийн нэмэгдлийг 100 төгрөгөөр бууруулна гэж зарласан ч биелсэнгүй. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн бөөрөнхий тайлбар хэвлэлээр нэг явж байна. Тэд ингэхдээ “Чөлөөт зах зээл гэж байхгүй” гэдэг намынхаа сонгуулийн тунхаглалаас хазайчихсан. Анх тэдэнд шатахууны үнийг барих шалтгаан байсныг улс төр гэж ойлгож болно. Тэгвэл энэ удаа нэмэгдлээр дэлхийн хэмжээний шалтгаан тоочиход ямар хүчин зүйлс нөлөөлөв гэдгийг өөрсдийнх нь үгээр тайлбарлая.

Чөлөөт зах зээлийн хуурамч шатахуун

Монгол Улсад дарга нар хууль бус гэдгийг нь зарлаагүй л бол ямар ч төрлийн бизнес хийсэн чөлөөтэй. Түүнийг сүүлийн арваад жил цэцэглэсэн хуурамч шатахууны бизнесээс харж болно. Зах зээл дээр хуурамч шатахуун борлуулагдаж байгаа, түүнийг нь иргэд худалдан авч хохирсоор ирснийг төрийн бүх шатанд хүлээн зөвшөөрчихсөн.

Хамгийн сүүлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хуурамч шатахуун их хэмжээгээр авах нь уул уурхайн техник хэрэгсэлд маш их сөрөг хөнөөлтэй. Багануур, Шивээ-Овоогийн уурхай дээр хуурамч шатахууны улмаас олон машин, техник эвдэрсэн тохиолдол гарсан. Зураг хөрөгтэй нь надад ирүүлсэн байгаа. Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах 2017 оны 98 дугаар тогтоол гэж байдаг. Үүн дотор Евро-5 стандартын өндөр чанарын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, Монгол Улсын импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний 10 орчим хувийг эзэлдэг чанар муутай бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, татвар ногдуулах стратегийн арга хэмжээ авах талаар төлөвлөгөө багтсан. Яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд энэ талаар саналаа хүргүүлсэн. Ойлголцолд хүрч, ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг оруулах байр суурин дээр нэгдсэн” хэмээсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж   “Жилд 220 мянган тонн керосин, нафтa хилээр орж ирж байгаа. Монгол Улсад ийм их хэмжээний хэрэгцээ байхгүй ч эдгээр бодисыг улсын хилээр   татваргүй оруулж ирдэг. Хэрэв татвар тогтоовол хуурамч шатахуун үйлдвэрлэлийг хязгаарлах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг 2-3 компани бий. Тухайлбал, Сингапурт амьдардаг, орос эзэнтэй компани монголчуудын эд хөрөнгийг эвдчихээд жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна" гэсэн байгаа юм.

Тэгвэл шатахууны импортлогчдын томоохон төлөөлөл Ц.Анандбазар  дэлхийд Монгол болон Африкт л хуурамч шатахуун хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрсөн удаатай. Тэрбээр “Керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг Онцгой албан татваргүйгээр оруулж ирэн автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөг алдсан. Монголд нийт хөдөлж байгаа автомашинуудын мотор нь тун удахгүй бүгд эвдэрнэ. Төсвийн байгууллагын, уул уурхайн гээд бид бүгд үүнийг мэдэхгүйгээр хэрэглэж байна. Эдгээрийг Монголд хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор Онцгой албан татварыг нь чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас том борлуулалттай болсон. Яагаад гэвэл үнэ нь импортын шатахуун хамаагүй хямд байдаг. Онцгой албан татвартай болгосноор төсвийн орлого нэмэгдэхээс гадна ард иргэдийг эрсдэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой" гэсэн.

Дээрх эх сурвалжуудын ярианаас хуурамч шатахуун  ямар хэмжээний үүссэн хор хохиролтой, хямд үнэтэй гэдэг нь ойлгогдож байгаа  байх. Гэтэл үүнтэй тэмцэх ажлыг гацааж ирсэн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Нэмэлтээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд Онцгой албан татвар байдаггүй нь гол асуудал. Нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж болохгүй гэсэн хуулийн заалт бас байхгүй” гэх тайлбар өгч байжээ.

Тэдний эс үйлдэхүй

Ийнхүү хуурамч шатахуун зах зээл байгааг салбарын сайд Г.Ёндонгоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл хүлээн зөвшөөрч байхад АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, түүний орлогч Ц.Эрдэнэбаяр нар өнгөрсөн хугацаанд уг хууль бус бизнестэй тэмцэлгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Хуулийн хэллэгээр бол эс үйлдэхүй гэж болно. Улмаар шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авалгүй дахин эс үйлдэв. Өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазар 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа шатахууны үнийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл буюу олон улсын бирж дээр хэджинг хийн тогтворжуулсан удаатай.

Тэрбээр “Манай улс анх удаа шатахууны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл болох хэджинг хийх нь зөв зүйтэй алхам. Шатахууны үнийг тогтвортой барихгүй бол ард түмний нуруун дээр бүх ачаа нь ирнэ.  Шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийснээр АИ92 төрлийн шатахууны үнэ ханш цаашид өсөхгүй. Цаашид ч хэджинг хийнэ. Энэ санхүүгийн хэрэгслийг олон жил улс орнууд ашиглаад ирсэн юм. Харин өмнөх сайдуудын үед яагаад хэджинг хийдэггүй байсан юм бэ гэдгийг би гайхаж байна" гэж байжээ.

Тухайн үед Засгийн газраас Эрсдэлийн сан /Hedge Fund/ байгуулах хөрөнгийг  гаргаж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Ц.Эрдэнэбаяр нар Д.Сумъяабазар сайдын удирдлага дор уг ажлыг гардан хийж байжээ.  Гэтэл Уул уурхайн сайдаар Г.Ёндонг ирсэн цагаас эхлэн уг ажил хойш тавигдаж, шатахууны үнэ түүхэнд байгаагүй өндөр үнэтэй болчихлоо. Үүнтэй зэрэгцэн ямар ч татвар төлдөггүй, хууль ёсноос гажсан хуурамч шатахууны бизнес улам бүр цэцэглэсээр байгаа. Эцэст нь ард иргэдийн нуруунд нуруун дээр ирэх үнийн дарамт нэмэгдэж, хуурамч шатахууны улмаас хохирсоор байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.124.130) 2021 оны 08 сарын 09

Наадуулынха орлого,амьдралын түвшин яаж өөрчлөгдсөнийг л шалгачих

0  |  0
Top