Өнгөрөгч 2020 оны аравдугаар сард нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлуудаас олон тооны хятад иргэнийг баривчилсан байдаг.
Улмаар 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан юм. Шалгалтын явцад манай улсад цахим луйврын үйл ажиллагаа хууль бусаар явуулсан нь тогтоогдож, дээрх үйл ажиллагааг голлон зохион байгуулсан гэх үндэслэлээр БНХАУ-ын зургаан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Нийслэлийн прокурорын газраас Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрөгч долоодугаар сард шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Улмаар өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч шүүгдэгч Нарисугийн өмгөөлөгч С.Батнасан нь ар гэрт гачигдал гарсан шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )