Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛД ХАМААРУУЛАХ судалгаа хийж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нарын удирдлагад Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын төлөөл оролцон ажиллаж байна.

“Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар журмын төсөлд санал боловсруулах “Дэд ажлын хэсэг”-ийг байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх танилцуулга, холбогдох судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудад цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд мониторинг хийх дэд ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа, Ж.Болдбаатар, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга Т.Мөнхбаяр, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд нар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан хуваарийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, байгууллагын хэмжээнд цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх таницуулга болон холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцлаа.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа, Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга Т.Мөнхбаяр нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Мониторинг хийх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх танилцуулгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар танилцуулж, холбогдох албан тушаалтнууд оролцов.  

Дэд ажлын хэсгийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах үндэслэл шаардлагын талаар судалгаанд суурилсан санал боловсруулан үндсэн ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top