Английн зохиолч Агата Кристи 1890 онд Английн Торки хэмээх бяцхан хотод мэндэлжээ. Детектив төрлийн хамгийн алдартай зохиолчдын нэг түүний зохиол хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хувь хэвлэгдсэн бүтээлүүдийн 3-т жагсдаг. Түүний өмнө Библи, Уильям Шекспир хоёр л жагсдаг гэхээр хэр сайн зохиолч байсан нь мэдэгдэнэ.
Агата нийт 66 роман, 19 өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, Лондон хотын театрт 16 жүжиг тавьсан. Түүний ном дэлхийн 100 хэлээр, 4 тэрбум хувь хэвлэгджээ.
Ингээд алдарт зохиолчийн эшлэлээс сонирхоцгооё.
Надад хүнд хэцүү, зовлонтой үе олон тохиолдож байсан. Тийм үед ч би энэ хорвоод амьд байх хамгийн агуу зүйл гэдгийг ойлгодог байсан.
Адал явдалт зохиолын санаагаа би аяга таваг угааж байхдаа олдог. Аяга угааж байхад аяндаа хүн алмаар санагддаг.
Үргэлж зөв байдаг хүн шиг ядаргаатай зүйл үгүй.
Эртний нүгэл урт сүүдэртэй.
Эрчүүд зоригтой, эрэлхэг. Гэхдээ тэднийг хуурах нь эмэгтэйчүүдийг хуурахаас хавьгүй амархан.
Талийгаачийг муулж болохгүй гэж хэлдэг. Миний бодлоор энэ нь тэнэг зүйл. Үнэн юм үнэнээрээ л байдаг. Харин ч амьд хүнийг муулж болохгүй байх. Тэд үхсэн хүнээс ялгаатай нь гомдож уурлана.
Эмэгтэйчүүд хүлээх дургүй гэдгийг үргэлж санаж яваарай.
Аз жаргалтай хүмүүс амжилтад хүрдэггүй. Тэд өөртөө сэтгэл хангалуун болохоор өөр юу ч сонирхдоггүй.
Эмэгтэйчүүд муу нэртэй, сахилгагүй залууст татагддаг. Тэд хайр дурлалаараа тэднийг засаж чадна гэсэн гэнэн бодолтой.
Аз жаргалтай байсан газартаа хэзээ ч бүү эргэн оч. Очихгүй бол таны толгойд сайхан дурсамж үлдэнэ. Хэрэв очвол бүх сайхан дурасмж эвдрэн сүйрнэ.
Арагшаа эргэн харж, харахыг оролдож ч болохгүй гэдгийг би ойлгосон. Амьдрал гэдэг ганц урсгалтай гудамж юм.
Эрх чөлөө бол түүний төлөө тэмцэхээр үнэ цэнтэй эд.
Сэрүүлэг цагтаа дуугараагүй гэдэг жижигхэн зүйл маш олон хүний хувь заяаг өөрчилсөн.
Эмэгтэйчүүд нэг нэгнээ хэзээ ч алдаатай дүгнэдэггүй.
Аялах үеийн амьдрал бол жинхэнэ мөрөөдөл юм.
Тогтворгүй гүйсэн нүдтэй хүнийг хүмүүс сэжигтэй гэж хэлдэг. Тэгвэл хамгийн жинхэнэ адгийн амьтад таны нүүр лүү нүд цавчихгүй харж сууж чаддаг юм шүү.
Ямар нэг юмыг мэддэг мэт дүр эсгэх нь тэр зүйлээ мэддэг болохоос хэцүү байдаг.
Хов жив бол есөн толгойтой могой гэсэн үг. Нэг толгойг нь цавчихад дахиад хоёр толгой ургадаг.
Томоожиж, төлөвшихөөр шийдсэн эр хүн хамгийн уйтгартай. Тэд хүнийг татах бүх юмаа алддаг.
Бүх эр хүн эхнэрийнхээ өнгөрсөн амьдралд онцгой ач холбогдол өгдөг.
Галт тэрэг жолоодож чадахгүй бол нүүрс хийдэг кочегар бол.
Амьдралд тохиолдох хамгийн том аз бол аз жаргалтай хүүхэд нас юм.
Миний номыг нөхрөөс минь өөр хүн уншдаггүй байсан ч би бичсээр байх байсан.
Амьдрал уйдаад байхаар урт зүйл биш.
Дурласан мэт харагдахыг хичээж байгаа эр хүн хөгжилтэй байж, анхаарал татахыг хичээдэг. Харин жинхэнэ дурлахаараа тэнэг хонь шиг болдог.
Гэмт хэрэгтнээс илүү хохирогчид миний сонирхлыг татдаг.
Урлагийн сод бүтээлийг тохиромжгүй үед үзэж, сонсохоос илүү том алдаа үгүй. Дунд сургуулийн хичээлд Шекспир заадаг болсноос хойш тэр олон хүний хувьд нэр хүндээ алдсан.
Би амьдралыг байгаа чигээр нь хүлээн авах чадвартай. Бас хүссэн газартаа, хүссэн үедээ унтаж чаддаг авьяастай.
Нөхрийнхөө амьдралын хэв маягийг хүлээн авч чадахгүй бол анхнаасаа түүнтэй битгий гэрлэ.
Улаан малгайтаас саарал чоныг хасчихвал ямар ч хүүхдэд таалагдахгүй. Үүн шиг л хүн болгонд бага зэргийн айдас хэрэгтэй байдаг.
Сэтгэгдэл ( 0 )