Долгорын Цэнджав
Д.Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ.1975 оноос уран бүтээлээ эхэлж “Дэгдээхэй”, “ Уран дүрийн ертөнцөд”, “Тэнгэрт хальсан тоос”, “Чонын алтан шагай”, “Хул салхи” зэрэг тууж, роман, өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч.
Хоёрын даваа
Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хүзүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд,
-Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор нутгийнхан маань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдгийг Оюунаа ч мэднэ. Явж явж нэрмэл тагш тагшаар залгилсан, юм л бол бөх ярьсан хөгийн эртэй хадамсдаг байна шүү. Оюунаатай суусан хойно аав гэх ч хэцүү, Банди гуай гэх бүүр ч хэцүү яанаа гэж би дотроо бодоод чөдөртэй морь руугаа явлаа. Үүрч яваа эмээлийн ган дөрөө хоорондоо жин жин хавирах нь чихэнд чимэгтэй. Оюунаа өмнөөс гүйсээр ирж явна. Бариухан ногоон торгон тэрлэгтэй түүний наранд борлосон шилбэний булчин ирвэлзэн чинэрч туяхан нуруугаа даган асгарсан торгон хар үс намиран сугсрана. Нар дээрээс навтайтал шарж, ангасан газраас халуу хөөрөгдөж байсан ч миний сэтгэлд бол эргэн тойрон нартай бороо шаагиж, тэртээ хөндийд солонго хөллөх шиг санагдаж байлаа. Би мориныхоо сайвар алхаан дунд Оюунаагийнхаа сугаар тэврэн шүүрч урдуураа сундлав. Урд шөнө хачин зүүд зүүдэллээ. Чи намайг түлхэж хаячихаад Цэцгээ эмчтэй хаашаа ч юм цуг явчих юм. Дэр нэвтэрсэн байна лээ гэж тунамал алаг нүдэндээ нулимс гүйлгэн над руу эргэж харав. Санаанд ормооргүй юм зүүдэлдэг хачин ч амьтан шүү чи гэж түүнийхээ амьсгал нь бүүр цаана үл мэдэгхэн лугших бэлхүүсээр тэврэхэд саяхан угаасан гэзэгнээс нь хүүхдийн сэвлэгнийх шиг үнэр сэнгэнэхэд тархины судас суга суга өндөлзөх шиг болно. Оюунаа миний энгэрт налаад хоёулхнаа мориор ингээд л сажлуулаад байвал гоёо, тээр тэнгэрийн гүнд од харвах шиг боллоо гээд инээмсэглэхэд охин мариагаа алдаагүй царай нь улмаа шингэрч үзэгдэнэ. Шон дээр буухад Банди гуай өлөн хиртэй пансан цамцныхаа хоёр ч товчийг зад татсан цүдгэр гэдсээ ил гаргасаар тосоод Оюунааг сугадан буулгаснаа,
-Та хоёр ямар жаахан хүүхдүүд биш дээ, гантай цагийн морь нуруугаа амархан авчихдаг юм шүү дээ гэхэд Оюунаа "Аав аа, та намайг ерөөсөө сундалдаггүй шүү дээ" гэж тунирхав. Охин минь хэзээ ухаажна даа гэж Банди гуай гүнзгий санаа алдсанаа над руу харж,
-Манай Баяраа ч морины дэлийг орос сойзны үс шиг болгоод өгдөг хүн дээ. Наад халиуныгаа согоо шиг болгоод өгөөрэй, өглөө хар үүрээр хөдөлнө шүү, бөх хүний л зан юм байх, наадмын урд өдөр ерөөсөө нойр хүрдэггүй юм гэлээ. Энэ жил таны бяр ямар байна даа гэж намайг асуувал "Яршиг аа, аавын ноололдохыг харахаас ичээд байдаг юм. Гэдэс нь танай их гарын ширмэн тогоо шиг гээч. Таныг хүмүүс шоолдог юм билээ шүү" гэхэд,
-Цөг хөө, байсаар чи эрчүүдийн хэрэгт оролцох нь уу? Тогтоож барилдана гэдэг амаргүй гэснээ над руу дөхөн шивнэх шахан "Энэ жил дор хаяж сумын начин. Урд шөнө унтаагаараа ханын гурван үдээрийг ташраар нь зад тийрсэн байна лээ. Одоо наад халиун чинь гэхэд л даага шиг харагдаад болох биш. Тэр өдрийн тэнгэр мэдэж дээ" гээд хүд хүд инээв.
* * *
Гурвуулаа наадмаас харьж явлаа. Архинд халмагцсан Банди гуай далбийж үнгэлдсэн бүрх малгайныхаа доор гүвтнэж явснаа гэнэт морь бусгатал учиргүй шогширч гаслав. Тэр муу чөргөр бандид шууд л дотуур дэгээгээ хутгачихдаг байж. Анаж байж алдчихлаа. Бүүр нэг, ойчих нь мэдрэгдээд гуяных нь хөх мах чичрээд байхад шүү гэхэд би түүнийг тайвшруулах санаатай ”Гаднаас олон сайн бөх ирсэн байна лээ, аргагүй байх" гэхэд Оюунаа, “аав одоо хөгширч яваагаа мэддэггүй юмуу” гэж ширвэв. Дөчтэй эр дөрвөө дарсан ат гэдэг юм. Намдаг арсланг гэрээрээ дайраад гараарай гэсэн, хэдэн мэх заалгаад үлдэнээ. Хойтон жилийн наадмаар ч. "За энэ ч яахав би Содномынхоор дайраад гаръя. Миний хоёр хүү шударгахан ергүүлээд харьчих, сар мөддөө гарахгүй шүү. Төөрөөд чөтгөрийн гүйдэлтэй Ишгэнэ хоолой руу орчихвоо” гэснээ, "Хоёр хангайн нутаг хүрэнтэж найгаад байна" гэж дуулсаар нар шингэчихээд сүүлчийнхээ улаан туяаг цацаж байгаа тэнгэрийн хаяа руу Банди гуай жижгэрэн жижгэрсээр уусав.
Намдаг арслан гэж хүрэн баримал шиг эр манай хотоор ирж, Банди гуайн магнайг тэнийлгэлээ. Оюун "Тэр хар аа, Намдаг ахыг. Хөдөөлсөн бухны хүзүү шиг ямар аймаар юм бэ. Төө хэрийн тэвнээр хатгасан ч нэвтрэхгүй байх аа" гээд тас тас инээв. Бөх хүний охин, бөхөө шоолбол аавын чинь наадмын тэнгэр харина шүү дээ гэж Оюуныг цаашлуулбал,
-Чи ааваар минь даажигнаад байна уу? Барилдаж чаддаггүй ч гэсэн бага газрын чулуу шиг нөмөртэй хүн дээ гэж надтай мөчөөрхөлцөв. Банди гуай хонь гарган Намдаг арсланг тухлуулж, ядаж хоёр хонооч гэж гуйсан боловч хажуу сумын наадамд миний даага үүрсээд хүлээж байхад энд толгой ганзагалж хэвтээд юугаа хийхэв. Харин саяын байныхаа даагыг танд үлдээе гэхэд Банди гуай бөх хүний бэлэг, цаанаа нэг юм бэлгэдэж байгаа гээд бөөн хөл хөөрцөг боллоо.
* * *
Би Малахын отроос Оюунаа руугаа довтолголоо. Оюунаа минь намайг харуутаа их л холоос тосдог сон. Чамайг гурав хоновол санаж үхнэ гэсэн юм чинь гуч хоноод ирэхлээр ёстой бэтгэрэх шахсан даа. Бие нь зүгээр л байдаг байгаа даа гэж амандаа үглэн мориндоо ташуур өгөв. Хот хороо нэг л эль хульхан. Банди гуайн гэрийн яндангаар утаа гарахгүй байв. Өмнөөс ээж минь л тосов.
-Хүү минь яасан их давхиа вэ? Морь чинь бахардаж унах нь байна шүү дээ
-Тэр яах вэ, ээжээ. Оюунаа гэртээ байгаа биз дээ
-Чамаас түрүүхэнд Намдаг арслан тэрэгтэйгээ ирээд явсан. Мөр нь арилаагүй байна. Банди тэр хоёр буцаж ирэхгүй юм шиг хамаг хувцас хунараа хумиж аваад явчихсан шүү дээ гэсэн үг дотор манартуулав. Түүний үлдээсэн зурвасыг уншвал "Баяраа, чиний цаашдын амьдралд чинь сайн сайхныг хүсье. Би Намдагийг дагаад явлаа. Бөхийн өвчтэй аавыг минь чи мэднэ. Бүсгүй ядарсан амьтан нэг удаа ч болохноо аавыгаа гялайлгая. Хоёрын хоёр бөхийг гомдоох аргагүй байсныг чи минь ойлгоорой" гэсэн хэдэн үг бүрэлзэв. Даанч дээ, Оюунаа минь... Ийм юм гэж байдаг юмуу. Миний янзыг үзээд, тохуу хийгээд л хашааны ард зогсч байгаа гэж бодон орчноосоо түүнийг эрж хайж, Оюунаа... гэж хашгирлаа. Пүнзний саравчин дээр сууж байсан хэдэн турлиах цочоод нисэв. Ноосолчихсон тэмээд шиг цэлдэн хөхөлбөр гүвээ толгод чимээ аниргүй нэг ойртож, нэг холдож байлаа.
Сониноос, Банди гуай барилдахаа больж, жаахан халамцаад ирэхлээрээ "Би өөрийнхөө дархан дотуур дэгээгээ хүргэндээ үлдээснээс хойш миний бөх болж төрсний хэрэг бүтэж байгаа нь тэрээ гэдэг болсон" гэнэ лээ. Хоёрын даваа гэдэг чинь мөн л холын даваа юм билээ дээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )