Zindaa.mn сайт яруу найргийн буландаа Мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
...Хамгийн аймшигт ялт үйлдлийг эрмэг зоригтонгууд бус аймхай хулчгарууд үйлддэг
Д.Ганбаатар
Улаан сартай шөнө
Өрнө, умрын уулс дэрлэсэн
Хавирган улаан сартай шөнө
Өсөх цагийн андаа зорин
Хашааны нөмөр бараалан алхана
Тоймгүй олон ноход хуцалдах
Тахир гудамж сэтгэлд хүйтэн
Торолзох юмны айдас бараан
Толгойд түгшүүр шидлэн эргэнэ
Нохдын чимээг эс тооцвол
Анир гүмхэн тахир гудамж
Нартай өдрөөр сэтгэл бүлээн ч
Надад одоо айдсын ертөнц
Алхлах бүр муруй зам уртасч
Араас минь хэн нэгэн чангаах ч шиг
Ард зоо хүйт оргин
Атгахан зүрх минь жиндэж эхэлнэ
Гадаа харанхуй гудамжинд гав ганцаар
Гартаа атгасан саваа ч үгүй
Харанхуйд гэвч нүд минь гялалзана
Хавь орчноо гийгүүлж явна
Халирхай зурхэнд хань болж
Хавийн нохдын боргоо ойр
Хүн хэмээгч аугаа нэгэн ч
Ханьгүй харгуйд өчүүхэн юм даа
Монгол зүрх
Цээжинд монгол зүрх цохилон
Чихэнд монгол аялгуу дуурсана
Тал нутгийн минь дээгүүр
Танил эгшиг дуун цуурайтна
Эх нутагтаа дусалхан билээ, зүрх минь
Эх дэлхийдээ уужим билээ, Монгол минь
Өвөг дээдсээс тусгаар өрх билээ
Өнийн түүхэнд зартай түмэн билээ
Хадаг барьдаг нь миний ардын заншил
Харгуйд үддэг цагаан сүүний цацал
Намтар, цадиг нь нүүдэлчин олны итгэл
Найраг хэл нь хорвоог уяраах сэтгэл
Хөндий талаар уулсын салхи сөрөн
Хүлэг морьдын цавчлан дүүлэх туурай
Шилээр бэлчсэн хонин сүргийн захад
Шилбүүрт бүсгүйн цээл яруу хоолой
Хоймор ханхайх миний өвгөдийн хууч
Хулаар цалгих айргийн тансаг үнэр
Өрхөөр шагайх сарны мөнгөн туяа
Үрээ нойрсуулах ижийн бүүвэйт аялгуу
Энэ бол:
Халхын хөвгүүний насаараа дуулах дуу
Хайрын дээд хамгаас үнэт эрдэнэ
Ер бусын тавилан, оноогдсон заяа
Юугаар ч арилжашгүй алтан нарны орон
Хилийн баганат миний
Монгол нутаг
Хилчний омогтой бидний газар шороо
Харийн хүний өсгий хөндөшгүй чулуу
Хатан зүгийн саран мандмал эх орон
Эрин зууны өвгөдийн их тулаан
Энхжих одны заяат тэдний удам угсаа
Монголын төлөө гэсэн өөдрөг сэтгэлт бидний
Монгол зүрх минь уяран, дуулан цохином
Доголон, сохор хоёр
Доголон, сохор хоёр
Гараасаа хөтлөлцөөд тэнтэр тунтар
Даанч энэрэлгүй хорвоо тэдний хөлд овон товон
Зовлон, зовлонгоо өргөж түшээд овос, товос
Замбуулингийн жаргал, зовлон гал ус
Нүдээ орлуулсан таяг нь газар тэмтчинэ
Нүгэлт орчлонг гишгэх хөл чулуунд төөрнө
Өмсгөл зүүсгэл нь эрээн бараан
Өөр хоорондоо хэлцэх яриа нь зоос, үхэл
Зөрсөн бүсгүйн нуруу хотос, хотос
Зохист цагаан шилбэ гялс, гялс
Хөлийн дэгжин шаахай тог, тог
Хар нүдний сормуус эрвэс, дэрвэс
Тэднийг харсан сэтгэл уйтай, хуйтай
Тэнгэр хангай өнөө үүлтэй, үйлтэй
Хүний зовлонг таних ухаан сохор
Хоёр нүүрт хорвоо амар, жимэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )