Манай сонин энэ мягмар гарагийн дугаартаа Дунд гол руу цементтэй ус цутгаж, загас жараахайнуудыг устгаж байгаа барилгын компанийн тухай сурвалжилсан. Тэгвэл өнөөдрийн дугаартаа Сэлбэ гол руу хоолой татаж, бохир ус цутгаж байгаа бас нэгэн барилгын компанийн талаар сурвалжлан хүргэж байна.
Уншигч таны харж буй энэ зураг бол Сэлбэ гол руу цутгагдаж буй “бохир ус”-ны хоолойны бодит байдал. Том гээчийн хоёр хоолойгоор дамжин голын ус руу маш өндөр даралттай, асар их хэмжээгээр нийлүүлж буй энэ усны үнэр нь өмхий. Зүйрлэвээс яг л жорлонгийн бохир шиг. Нийслэлчүүдийн ундны усны ганц эх үүсвэр Туул голын хамгийн том цутгал болсон Сэлбэ гол руу юуны учраас, хэн гэгч “Том толгойт” нь ийнхүү “Бохир ус” цутгаж байгааг тодруулахыг зорилоо.
НМХГ: ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ХЭРЭГ НЭЭГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА
Байгаль орчинд гаднын нөлөөний улмаас үүсээд буй аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг төрийн өмнөөс хянаж шалгах ёстой газар бол Мэргэжлийн хяналтынхан. Тийм ч учраас энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-тай холбогдлоо.
Тус газраас “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Чингис зочид буудлын ард баригдаж байгаа барилгын асуудлыг Нийслэлийн прокурорын газар дээр 2102319 дугаартай хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Хуулийн байгууллагаас шат, шатандаа хянаж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дахь зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ хэсэгт зөвшөөрөл дүгнэлт авах ёстой гэсэн заалт бий. Тус компани нь зөвшөөрөл дүгнэлтээ аваагүй барилгын ажил эхлүүлсэн гэж дүгнэсэн. Байгалийн даралтад баялаг ашигласан гэдэг үүднээс тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төлбөрөө төлөөгүй л гэсэн асуудал байгаа юм. Хэрэг нээгдээд шалгагдаж байгаа болохоор ямар аж ахуй нэгж дээрх хэрэгт холбогдсоныг хэлэх боломжгүй. Заавал прокурорын зөвшөөрөл авч байж тус компанийн нэрийг зарлах боломжтой” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Албаны эх сурвалжаас авсан дээрх мэдээллээр бол Сэлбэ гол руу “Бохир ус” цутгаж буй энэ үйлдэл барилгын компанийн балаг болж таарлаа. Сүүлийн жилүүдэд барилгынхан хаа дуртай, харсан газраа байшин барилга барих болсон. Улмаар барилга барих газрынхаа хөрсний усыг хүссэн газар руугаа шавхах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Энэ талаар мэргэжлийн хүний тодруулгыг авлаа.
Н.Чойбалсан: Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр Туул, Сэлбэ, Дунд голын эргээр барилга барих хориотой
Монгол Улсын зөвлөх инженер, цэвдэг судлалын доктор Н.Чойбалсангаас хөрсний усыг дураараа шавхаж буй барилгын компанийн үйлдлийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Барилга барих газраа сонгохын тулд орчноо сайн судлах хэрэгтэй. Хөрсний бүтэц, гадаргын болон гүний ус, мөн тухайн газар барилга барихад биохимийн ямар сөрөг нөлөө байгаа зэргийг зайлшгүй судалж үзэх шаардлагатай юм. Ялангуяа инженер биологийн судалгааг хийсэн байх хэрэгтэй. Хөрсийг судлахын тулд гадаргын голын эрэг орчмын усыг хэр нэвчсэн байгааг анхаарах ёстой. Улаанбаатар хотын ундны усыг Туул, Сэлбэ, Дунд гол хангадаг. Гэтэл тэдгээр голын эргээр барилга барих хориотой. Голын эрэг дагуу газар олгоод л байх юм. Энэ бол байгалиа сүйрүүлж буй хэрэг. Тиймээс анхнаасаа л тэр хавийн газарт барилга барих зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. Барилга барьчихсан газруудад барилгын суурь нь усанд автах эрсдэлтэй юм. Дур зоргоороо голын эрэг орчмын газрыг өгснөөс үүдэж усны хомсдол үүсэж байна. Байгалийн нөхцөл байдал ч дагаад өөрчлөгдөж байна шүү дээ. Инженерийн шугам сүлжээ гэж зүйл бий. Барилга барихын тулд үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Барилгын усны хангамжийг гүний худгаар шийддэг. Өөрөөр бол, Туул голын ундарга дээр худаг барьсан. Тэр худгаас гүний цэвэр ус авч ундаалдаг гэсэн үг юм. Гэтэл ажилчид барилга барих явцдаа цемент болон бусад зүйлээр бохирдсон усыг гол руу цутгах нь уух усаа бохирдуулж байгаа үйлдэл. Ийм байхад улаанбаатарчууд яаж эрүүл байх юм бэ. Байгаль ч тэр, хүмүүс ч тэр хордоно шүү дээ” гэсэн юм.
УСНЫ СУДАЛБАР ГАЗАР БАРИЛГА БАРИХ ХОРИОТОЙ Ч...
Хэн ч харсан сэжиг хүрэм тийм муухай усыг улаанбаатарчуудын ундны ус руу шууд цутгаж байгаа асуудлыг яавч зүгээр өнгөрөөж болохгүй санагдана. Туул, Сэлбэ, Дунд голын эргийг дагаж баригдсан энэ олон барилга өдийг хүртэл, өнөөдөр ч гэсэн хөрсний тэр их бохир усыг нийлүүлж байгаа гээд бод доо. Хамгийн аюултай нь Улаанбаатар орчмын хөрсний бохирдол асар их байгаад юм.
ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэл хотын хөрсний усны бохирдол маш өндөр түвшинд хүрсэн. Улмаар хөрсний усны бохирдол гүний усанд нөлөөлөхөд тун ойртсон. Хөрсөнд хар тугалга, никель, цайр гэх мэтчилэн хүнд металлд хамаарагдах бодисууд гүн нэвчсэн нь тогтоогдсон. Энэхүү хорт бодисууд нь хүний цул эрхтэнд хуримтлагдаж, хорт хавдар үүсгэдэг, биеэс гадагшлахгүй байдгаараа онцлогтойг олж тогтоожээ.
Туул голын бохирдлын талаар өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд “Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон. Бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна” гэжээ. Арга ч үгүй биз дээ, Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжийн хэрэглэсэн бохир ус бараг шүүлтүүргүй шахам Туул гол руу цутгагдаж байна шүү дээ. Түүний нэг том, тод жишээ бол барилга угсралтын компанид хөрсний усаа гол руу цутгаж буй дээрх үйлдлүүд юм.
Барилгын компаниудын тооцоо судалгаагүй зураг төслийн гайгаар хөрсний усыг голын урсгал руу шууд цутгах тохиолдол ийнхүү элбэгшиж, улайм цаймдаа гарчээ. “Усны судалбар газар барилга байгууламж барихгүй байх” дүрэм журам байдаг ч түүнийг дагаж хэрэгжүүлдэг газар гэж алга. Барилга барих зөвшөөрөл олгож байгаа төрийнхөн, барилгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хувийн компаниуд аль аль нь ирээдүйгээ бус зөвхөн өнөө маргаашийн олз ашгаа л харах болжээ. Энэ бүхний хор уршгаар нийслэлийн хүрээлэн буй орчин сүйдэж, байгаль экологид сөргөөр нөлөөлж буй юм.
Энэ талаар МУИС-ийн профессор О.Алтансүх “Улаанбаатар хотын ундны усны бохирдлын гол эх үүсвэр нь хөрсний бохирдол. Борооны ус хөрс рүү нэвчихдээ бохирдсон хөрсний хортой элементүүдийг өөртөө шингээдэг. Тэгэхээр голын эрэгтэй ойрхон барилга барих нь хөрсөнд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлнэ” хэмээн тайлбарласан юм.
Барилгын компаниуд хөрсний усаа шавхаад гол руу хийж буй баримтуудыг дараа, дараагийнхаа дугаарт сурвалжлан хүргэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилга барьж буй барилгын компани Дунд гол руу цементтэй ус урсгаж байгаа, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд барилга барьж буй барилгын компани Сэлбэ гол руу хөрсний усаа шавхаж буй хууль бус үйлдлүүдийн талаар дэлгэрүүлэн мэдээллэх болно.
С.ӨЛЗИЙБАЯР, Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )