“Ерэн цагаан идээ”-нээс эрчилсэн хүсэл

2021 оны 10 сарын 12

Эртний хүмүүс үр тариаг тэр хэвээр нь хүнсэндээ хэрэглэж байгаад МЭӨ 6000 жилийн тэртээгээс тариалж, дээрэмдэж хэрэглэдэг болсныг түүхийн эх сурвалж баталдаг тухай эрдэмтэд бичиж үлдээжээ. Харин монголчууд маань эрт дээр үед “Ерэн цагаан идээ” гэсэн ойлголттой байж. Үүнд нь мэдээж сүү, цагаан идээ орохоос гадна бүх төрлийн буудайнаас гарган авсан гурилан бүтээгдэхүүн ч мөн ордог аж. Эртний түүхт энэ л “Ерэн цагаан идээ”-нээс анхлан санаагаа олж, компаниа байгуулан өнөөдөр жишиг үйлдвэр болгон хөгжүүлж яваа нэгэн залуугийн түүхийг уншигч олондоо хүргэхээр шийдлээ.


Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсан хотод төрж, өссөн Ц.Ганхүү бусдын л адил эрдэм номын мөр хөөн их хотод хөл тавьжээ. Тэрээр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд шинэхэн оюутан болж, Үйлдвэрлэлийн менежмент гэдэг мэргэжил сонгосон нь хожмын амьдралынх нь буцашгүй нэгэн зам болохыг тэр үедээ мэдээгүй биз ээ. Сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу монголдоо томоохонд тооцогдох гурилын үйлдвэрт ажилд оров. Ингэж байтал 2015 онд монгол орныг нийтэд нь хамарсан их ган болж, ургац алдав. Тариалан эрхлэгч, гурилын үйлдвэрүүд гурил үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлэх нь бүү хэл ирэх жилийнхээ тариаг тариалах үргүй болж байсныг санаж байгаа байх. Ийм л хүнд үед ажиллаж байсан гурилын үйлдвэрээсээ нэг сарын томилолт авч ОХУ-аас оруулж ирсэн үрийн буудайг Сэлэнгэ аймгийн тариаланчдад тараах ажилд явлаа. Оросоос авч ирсэн энэхүү үрийн буудайнаас тухайн үед бүхий л аймгийн тариаланчид авч байсан билээ. Харин Ц.Ганхүү Сэлэнгэ аймгийн тариаланчдад өөрийн гараараа жинлэн тараах ажлыг хариуцаж хийсэн юм. Ингэж явахдаа л тэрээр ирээдүйн бизнесийнхээ үзүүрийг атгаж авчээ.

Айлын хашааны буланд гурил боловсруулах хуучин тоног төхөөрөмж байсныг эзнээс нь үнийг асуувал “Нэг сая” гэжээ. Төлбөр мөнгийг нь төлж, өнөөхөө худалдан авсан ч угсрах гэдэг "мэддэггүйд эрээн цоохор". Тиймээс хүн гуйж төхөөрөмжөө угсруулаад орон сууцны подвольд анхны гурилаа хийж эхлэв. Нэг тонн будаанаас 700 гаруй килограмм гурил гардаг ч анхных учраас ердөө 250-ыг л гаргаж авч чаджээ. Гэсэн ч жижиг цехэд өнөөх гурилаа нийлүүлж, баримт дээр нь гарын үсэг зурж зогсох тэр мэдрэмжээ өнөөдөр ч мартаагүй л явна. “Гурил үйлдвэрлэж чадаж байна шүү дээ” гэсэн дэврүүн хүсэл л байснаас ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаа тухайн үедээ мэдээгүй гэдэг. Түүний 2015 онд тариаланчдад тараалцаж явсан үрийн буудай өнөөдрийг хүртэл сайхан ургаж, жил жилийн үрийн буудай болсоор яваа нь ч нэгэн цагийн ерөөл гэлтэй.

Алдаж онож, ашиг багатай байсан ч ургуулж хийдэг, хүмүүсийн эрүүл мэндэд нэн сайн бүхэл үрийн гурил хийхээр нэгэнт сэтгэл шулуудсан тэрээр хуучин 22-ын товчоо орчимд газар авчээ. Өнөөх нь хүн явахын эцэсгүй балчиг, намаг болсон газар. Дээрээс нь мал, амьтны ясыг уул овоо шиг хаячихсан хог цэг шахуу юм байж. Гэсэн ч зорьсон зорилго нь алс хэтэд учраас шантралгүй зүтгэсээр өнөөх хогийг бүрэн цэвэрлэж, хайрга дайрга асган тэгшилсээр дээр нь бүтээн байгуулалт хийж болохоор болгожээ. Өнөөдөр бол үйлдвэрийнх нь яг үүдээр Авто худалдааны цогцолбор орох засмал зам дайрч өнгөрдөг, тухайн орчин нь үйлдвэрлэлийн томоохон бүс болоод байгаа юм. Анхны хөрөнгө оруулалтаа ах дүүгээсээ босгон 26 сая төгрөгөөр эхэлж байсан ч том зорилгынх нь өмнө эдийн засаг гэсэн хаалт гарч ирлээ. Энэ л үед “Танилтайд нь олддог” гэж бодож явсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн газарт төсөл бичээд санхүүжилт хүсчээ. Анхны айдас, буруу ойлголтоо дарж чадсан учраас дараа дараагийн шатанд амжилттай тэнцсээр 2019 онд ЖДҮГ-аас хөнгөлөлттэй нөхцлөөр 197 сая төгрөгийн зээл авчээ. Тэр энэ талаараа “Аливаа бизнес гэдэг бусадтайгаа уялдаа холбоотой явж байж амжилт олдог. Нэг хүн нь илүү их мөнгө олоод байна гэж хардаж суухын оронд хамтдаа хөгжихөө бодох хэрэгтэй. Зээл гэдэг буцаан төлөх ёстой мөнгө ч гэлээ бидэнд асар их боломж олгож, асуудлыг хөнгөвчилж өгдөг” хэмээн ярих дуртай. Тэгээд ч эцэг эхээс дөрвүүлээ, олонтойгоо бужигнаж өссөн нь түүнд ийм сэтгэлгээ суулгахад томоохон түлхэц болсон байх. Өдгөө ч ЖДҮГ-ынхантай уялдаа холбоотой ажиллаж, санхүүгийн зөвлөгөө авдаг юм билээ.

Эртний монголчууд 32 төрлийн гурилтай байж. Бүх төрлийн буудайнаас гадна сульхир зэргийг мэдээж тэр үедээ зэрлэг байдлаас нь түүж хэрэглэдэг байсан нь ойлгомжтой. Харин анх атар газар эзэмшсэн 1950-иад оноос хойш бараг л нэг төрлийн гурилтай явсаар өнөөдрийг хүрчээ. Бидний нэрлэдэгээр нэгдүгээр гурил буюу хөөдөг гурилын араас дагнан явсаар иргэдийн дунд таргалалт нэмэгдсэн байна. Тэгвэл бүхэл үрийн гурил хүнийг таргалуулдаггүйгээс гадна зохицуулах үйлчилгээтэй хоол хүнсэнд ордог. Мөн харвасан болон байнгын даралт ихсэж багасаж тогтворгүй байдаг хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ бүхэл үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэж занших нь чухал. Үүнд бор гурил, овьёосны гурил, кааш, хөц будаа, гурвалжин будаа, хөх тарианы гурил, хар талх зэрэг ордог. Эдгээр нь цусан дахь сахарын хэмжээг жигд байлгаж, цусны даралтыг хэвийн нөхцөлд барих хамгийн тустай бүтээгдэхүүн гэдгийг эрдэмтэн судлаачид баталжээ. Тийм ч учраас нэг үеэ бодоход хүмүүс эрүүл бүтээгдэхүүнийг чухалчилан үзэж, бүхэл үрийн гурилыг сонгох болжээ.

“Ерэн цагаан” ХХК нь өдөртөө нэг тонн гурил үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрийн байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө шинэчилснээр өнөөдөр өдөртөө 3,5-5 тонн, дөрвөн төрлийн гурил үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Хөх тарианы гурил нь жигнэсэн бүтээгдэхүүн хийхэд илүү тохиромжтой, хүний биед хуримтлагдсан хортой болон ашиггүй бодисуудыг гадагшлуулдаг байна. Харин гурвалжин будааны гурил уургийн агууламж өндөртэй байдаг тул биеийн галбир барих болон спортоор хичээллэгсэдийн хүнсэнд нийцдэг. Тэгвэл бүхэл үрийн гурил нь төрөл бүрийн хоол, гурилан бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой бол улаанбуудайны үр хальсанд агуулагдах В-гийн төрлийн амин дэмүүд нь хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг гэнэ. жижиг дунд үйлдвэр учраас өөрийн гэсэн тариалан эрхлэх нь эрсдэл дагуулдаг гэдгийг Ц.Ганхүү тодотгож байна лээ. Тэгээд ч гурилын үйлдвэрийн дампуурдаг томоохон шалтгаан нь энэ гэнэ. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдсан тохиолдолд түхий эдийн хомсдолд орж, улмаар эргэлтийн хөрөнгөгүй болдог аж. Тэгээд ч тарьдаг нь тарьж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг нь түүнийгээ хийж хамтдаа хөгжих ёстой гэж тэрээр үздэг. Үнэхээр ч гурилын үйлдвэрүүд нь тариалан эрхлэгчдийнхээ орон зай, ажлын байрыг булаацалдаж байхаар зах зээлийн үнэ ханшаар нь худалдаж аваад явах нь олон зуун ажлын байрыг хадгалах боломж юм. Харин төр засгаас улаанбуудайд урамшуулал олгож, нэгдсэн бодлогоор дэмждэг шигээ хөх тариан дээр ч гэсэн тодорхой бодлого гарган ажиллавал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж байгааг хэлж байна лээ. Одоо бол хөх тарианы хэрэгцээний ихэнх нь ОХУ-аас орж ирдэг аж.

“Ерэн цагаан” компани одоо өөрсдийн түүхий эдээ Дорнод аймгийн Халхгол сумаас хангаж байна. Төрж, өссөн нутаг, элгэн садандаа элэг татуу байдаг ч биз. Гэхдээ сайн чанарын будаа Дорнодод ургадаг нь түлхүү нөлөөлнө. Сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хамгийн чухал нь чанар сайтай түүхий эд гэдэг нь гарцаагүй. Эднийх гурилын үйлдвэрийнхээ хашаанд худаг гаргуулж, дэд станц бариулжээ. Дэд станц нь ашиглалтад орсноор цахилгааны хэлбэл байхгүй болж, үйлдвэрлэлд сайнаар нөлөөлөх гэнэ. Харин худаг гаргуулсныхаа дараа зүгээр суудаггүй дадал зуршлаараа усныхаа дээжийг зохих газраар нь шинжлүүлжээ. Гэтэл хамгийн сайн чанарын ус гэсэн дүгнэлт гарч. Тиймээс үйлдвэрийнхээ хашааны урд хэсгийг тодорхой үнээр худалдан авч Ус, ундааны үйлдвэр барихаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Нэг ёсондоо сайн чанарын ус, гурил, ундаа үйлдвэрлэдэг цогц үйлдвэр болгон өргөжүүлэхээр хичээж байгаа нь энэ. Усыг манайхан чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг. Гэвч өнөөх “Ерэн цагаан идээ”-нд ордог эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч түүх сударт өгүүлсэн “Ерэн цагаан идээ”-н ээс эрчилсэн их хүслээ олсон залуу монголчуудыгаа эрүүл, чанартай гурил, усаар хангахаар хамт олонтойгоо хичээж явна. “Хичээж яваа хүний ард дэмжиж байгаа хүн байх хамгийн сайхан” гэдэг шиг түүний энэ том төсөлд ЖДҮГ-ынхан өөрсдийн чадах хэмжээгээр тус дэм болж, эргэж тойрч байгаа нь ч сайшаалтай.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ankhaa(66.181.161.108) 2025 оны 03 сарын 13

Мундаг залуу шүү

3  |  0
Bulgaa(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

2  |  0
Bulgaa(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

4  |  0
Зочин(192.82.81.204) 2025 оны 03 сарын 13

Хурай хурай

3  |  0
Ганбаа...(139.5.217.218) 2025 оны 03 сарын 13

Ерэн цагаан идээ нь дэлгэрч \nЕсөн хүсэл нь биелэж явах болтухай...\nХурай хурай хурай.......

2  |  1
Close menu