“ХӨХӨӨ”-нөөс ХӨВӨРСӨН БОДОЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Монголчууд эртнээс хөхөө шувууны талаар нэг их сайнаар яриад байсангүй. Бусдын үүрэнд өндгөө гаргадаг, цагаан өнгөтэй ч чөтгөрийн шувуу гэх мэтээр хэлж ярьж иржээ.

Мэдээж хүүхдүүд нь зовоогоод байхаар гомдоод хөхөө болоод нисчихдэг үлгэрийг бүгд мэдэх биз. Дээрээс нь хөвч ойд хөхөө дуугарахад “Хөхөө би хэд наслах вэ” хэмээн асууж байгаагүй хүүхэд нас байдаг гэдэгт би л лав итгэдэггүй юм.

Тэгвэл орчин цагт хөхөө шувууг зүгээр л шувуу гэдгээр хүлээн авч байх шиг. Бусдын үүрэнд өндгөө гаргадаг нь зүгээр л тэр шувууны байгалийн өгөгдөл, амьдрах арга нь байвал яах вэ. Уран гоё дуугардаг хэрнээ чөтгөрт үйлчлээд байгааг нь юугаар нотлох вэ гэх мэт асуултууд өнөөгийн хүүхдүүдээс ирэхэд бид үнэндээ хариулж мэдэхгүй шүү дээ. Тэгвэл энэ мэт асуултуудад хариулт өгөх, бодож тунгаах боломж олгох нэгэн уран бүтээл кино театруудаар гарч эхэлсэн нь “Хөхөө”. Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох тус кино гадаадын кино наадмуудад зориулан 2018 онд хийгдсэн ч цар тахлаас үүдэн саяхнаас л дотоодынхоо үзэгчдэд хүрч эхлээд байгаа нь энэ.

“Хөхөө” уран сайхны киноны зураг авалтыг 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийсэн юм билээ. Монголын кино урлагт “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Хөхөөний үүр” гэх мэт ижил нэрт шахуу кино бий. Харин Ж.Жамъяансүрэнгийн “Хөхөө” бол тэднээс хахь ондоо, харьцангуй өөр гэдгийг баттай хэлэхийг хүсэж байна. Найруулагч Ж.Жамъяансүрэн тус киногоороо зүгээр нэг “хөхөө шиг донгодох”- ыг огт хүсээгүй нь харагдана. Кино урлагт бусдыгаа даган дуурайж донгодсон, нэгэн хэвэнд цутгасан мэт олон бүтээл төрөн гарч байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл “Хөхөө” тэдгээрээс нэлээд хэдэн шатаар дээш алхжээ. Кино эхлэхэд “Хөхөө” эмгэний ач охин жижиг модон авдар эмгэний толгой тушаагаас авч өвөр дээрээ тавьдаг бол төгсгөлд ч энэ зүйл давтагдана. Харин энэ хоёрын хооронд л хорвоогийн түмэн зүйлс хөвөрч, үл тасрах үйлийн үр, тавилан заяа өрнөнө.

Эмгэн хэдийгээр таван хүүхэдтэй ч бага хүү Дашдоржоос бусад нь өөрсдийн амьдралын зам мөрийг хөөн одоцгоож. Харин ээжийнхээ бие муудсаныг сонсоод бүгд ирсэн ч бага охин Уянга нь ирсэнгүй. Нөгөө гурав нь ирсэн ч нэг их удалгүй буцна.

Найруулагч нэг айлын таван хүүхдээр одоогийн нийгмийн нийтлэг байгаа таван өөр дүр төрхийг төлөөлүүлэн харуулахыг зорьсон нь анзаарагдана. “Хөхөө” киноны гол дүрийг бүтээсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Борхүү, жүжигчин Ц.Цэрэнболд, А.Цэгмид, П.Баярмагнай, А.Баярцэцэг, Э.Сансар нар үүргээ төгс гүйцэтгэсэн гэж хэлж болно. Харилцан яриа тун багатайгаар шийдсэн нь үзэгчдийг өөрсдийнхөөрөө бодож тунгаах боломж олгох гэсэн шийдэл мэт. Мэдээж үүний ард энэ цагийн хөгжмийн зохиолчдын өнгийг тодорхойлогчдын нэг гэгддэг Шатарын Өлзийбаярын бүтээл эгшиглэх нь яв цав тохирч байна.

Киноны үндсэн санаагаа найруулагч Оросын алдарт зохиолч Валентин Распутин/1937- 2015/-ы “Сүүлчийн амьсгал” зохиолоос олсон ч үндсэн өгүүлэмж, кино зохиолын ноён нурууг нь Монгол ардын “Хөхөө шувууны үлгэр”-ээр босгожээ.

Үлгэрт үр хүүхдүүддээ гомдсон ээж эрээн өнгийн дээл хийж өмсөөд хөхөө болон нисдэг бол кинонд охиныхоо хийж өгсөн ногоон торгон дээлийг өмсөөд нөгөө ертөнцийг зорьж байна. Хэзээ ч ирэхээргүй болсон бага охиноо хүлээсээр үхэж өгөхгүй байгаа эмгэн бага хүүгээсээ сүүлчийн хүслээ гуйна.

Дашдорж/Ц.Цэрэнболд/ уулын оройд гарч овоонд чулуу өргөөд дотроо онгойтол уйлах хэсэг ч үзэгчдийг нэг хэсэг төөрөгдүүлнэ. Ерөөс “Хөхөө” киноны санаануудыг ойлгох гэж бодол ухаан хэдэнтээ солигдож, уярч, эмзэглэж байгаа нь найруулагчийн төгс шийдэл, яруу сайхан эрэлхийлэл гэлтэй.

Ах, эгч нараа ирснээс хойш Дашдорж гэрийнхээ гадаа ботго уяж, өнөөх нь киноны төгсгөл хүртэл буйлж буй нь гуниг харууслыг илэрхийлэх гэсэн бас нэгэн шийдэл байх хэмээн бодно.

Нэгэнт ирэхгүй болсон охин дүүгээ ирэхгүй гэдгийг нь ээждээ хэлж чадахгүй байсаар аманд нь сүүлний өөх хийж байгаа Дашдоржийн үйлдлийг өнгөц харвал хамгийн харгис, ээждээ хайргүй нь ганцхан тэр юм шиг санагдах ч жаахан ухаж бодвол ээжийнхээ төлөө хийж чадах хамгийн сүүлийн сайн зүйлээ зүрхээ чангалж, бодлоо хөвчилөн хийж байгаа хүний л үр юм. Нэг ёсондоо амьдралын жамаар дахин залуужиж, хөл дээрээ босохгүй эхийнхээ эцсийн хүслийг биелүүлж, ужигт зовлонгоос нь үтэр ангижруулж байна.

“Хөхөө” кинонд тоглосон мэргэжлийн бус хүмүүс ч гэсэн үнэхээр гоочлох зүйлгүй тоглосон нь киног улам ч чамбай харагдуулж байсныг хэлэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд найруулагч тус киногоороо үзэгч бидэнд юу хэлэхийг хүссэн бэ гэдэг асуултад бага ч атугай хариулахыг хичээе.

Нийгэм цаг үеэ дагаад хүмүүс бид ямархан ихээр өөрчлөгдөж байгаа вэ, гэхдээ муу тал руугаа. Үлгэрт гардаг хөхөөний хүүхдүүдээс чухам юугаараа өөр вэ. Магадгүй хүмүүс бид чинь тэр үлгэрээс хойш огтхон ч өөрчлөгдөөгүй юм биш үү гэсэн элдэв эргэцүүлэл төрөн гарна.

“Хөхөө” киног үзсэний дараа хөхөө шувууы гомдол өдий хүртэл арилаагүй, хүүхдүүд нь, тэднийх нь хүүхдүүд ч ухаараагүй учраас бусдын үүрэнд өндгөө гаргадаг ч юм болов уу гэсэн сонин бодол төрснөө нуух юун. Эмээ нь хэдий байхгүй болсон ч бор авдарт нь чихэр байсаар байгаагаар биесдээ хайртай байх хэчнээн сайхныг харуулахыг зорьсон биз.

Эхийнхээ зовлон шаналлыг нэг мөр дуусгасан Дашдоржийн сэтгэлд дарсан том хар бул чулуу шиг хүндхэн бодол хөнгөрч, хэдэн мянганаар тэгж л нүүж ирснээрээ бууриа сэлгэн шинэ нутаг руу нүүн одож байна.

Хөрөнгөтэй айлын хүргэн болж, дарга сэтэртний цүнх барин амиа зогоож байгаа ахдаа “Мал шиг амьдарч байна” хэмээн загнуулсан ч жинхэнэ хүнээрээ үлдсэн тэрээр дурсамж бүхнээ орхиод шинэ амьдрал руу нүүж байгаа ч юм бил үү.

“Хөхөө” киног үзээд “Хөхөө”-ний хүүхдүүдээс хэн нэг нь ч болтугай ухаарал авах нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top