ЖДҮ-ийн зээлтэй холбоотой хэргүүдийн НОТЛОХ БАРИМТЫГ цуглуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд шүүхэд нэхэмжлэл бичиж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа явуулдаг.

Энэ дагуу өнгөрсөн 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас /ЖДҮГ/ зээл авч, хохирол учруулсан гэх хэргүүдэд прокурор нэхэмжлэл гаргаж,  нийт 613 тэрбум 323 сая 184 мянган 807 төгрөгийн үнийн дүн бүхий 263 маргааны 283 нэхэмжлэл шүүхэд гаргасан байдаг.

Харин энэ оны хувьд ЖДҮГ-ын зээлтэй холбоотой 16 хэрэгт прокурор нэхэмжлэл гаргаснаас гурван хэргийг шалгаж, харьяа шүүхэд шилжүүлсэн ба бусад хэргүүдэд холбогдох нотлох баримтуудыг цуглуулан ажиллаж байна.

Прокурорын тухай хуульд зааснаар, прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, мөн нэхэмжлэл гаргаж болохыг заасан байдаг.

Үүн дагуу прокурор төрийн байгууллагын хүсэлтээр болон өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл бичиж, захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Прокуророос 2020 онд нийт 613 тэрбум 323 сая 184 мянган 807 төгрөгийн үнийн дүн бүхий 263 маргааны 283 нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Үүнээс дийлэнх нь буюу 50.2 хувь нь зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл байв. Харин 29 хувь нь эрүүгийн хэрэг болон зөрчлийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр, 8.1 хувь нь төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халснаас төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас гаргуулахаар, 4.6 хувь нь аудитын хяналт шалгалтаар тогтоосон зөрчлийг арилгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл байгаа аж.

Засгийн газрын тусгай сангуудаас, янз бүрийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг иргэн, аж ахуйн нэгж гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нь төрд болон бусдын зээл авах боломжийг хязгаарлан нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул зээлийн төлбөрийг гаргуулахаар прокурор нэхэмжлэл бичиж шийдвэрлүүлж байна.

Тухайлбал, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын “Хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох” хөтөлбөрийн хүрээнд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх (ЖДҮХС), Хоршоо дэмжих сан, орон нутгийн хөрөнгөөс олгосон зээлтэй холбоотой маргаанд прокуророос нийт 139 нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Түүнчлэн ЖДҮГ-тай холбоотой хохирол учирсан гэх хэргийн талаарх мэдээллийг прокурорын байгууллага нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд энэ талаар прокурорын байгууллагад хандах эрх нь нээлттэй гэдгийг албаныхан хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top