Завхан аймаг “Үндэсний бахархал-Монгол өв соёл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамт олон анх удаа “багт” хүүхдийн жүжгийг туурвиж, өнгөрөгч 5-ны өдөр /2022.01.05/ тайзнаа амилуулжээ.
Монголчууд эрт дээр үеэс монгол ухаан, баатарлаг туульсаараа дамжуулан ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлж ирсэн үнэт уламжлалтай. Тиймдээ ч Монголын сонгодог уран зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэсэн “Жангар” хүүхдийн жүжгийн бүтээлийг сонгон авч үндсэн мөн чанар болох үнэнч шударга, эв нэгдэлтэй, эрдэм номтой, энэрэх хайрлах сэтгэлтэй байх ёстой гэсэн гол агуулгыг жүжгийн зохиолоор дамжуулан хүүхэд багачуудад хүргэхийг зорьжээ.
Түүгээр ч зогсохгүй эртний уламжлалт багт театрын хэлбэрийг орчин үеийн нөхцөлт тайзны хэлбэрт шилжүүлж, “Бумбын орон”, “Мангасуудын орон”-ыг маш сонирхолтойгоор дүрслэн үзүүлсэн байна.
“Жангар” хүүхдийн жүжгийн продюсерээр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго, Ерөнхий найруулагчаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн төгсөгч, Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Э.Ёндоншарав, зураачаар МУСТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор МУСТА Б.Мөнхжаргал, Ё.Эрдэнэбаатар нар ажиллаж, тус театрын нийт бүрэлдэхүүн 50 гаруй уран бүтээлч гол болон туслах дүрийг бүтээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )