ХОВД: Хүүхдийн ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь хүүхэд хамгааллын ажлыг илүү сайжруулж, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд Ховд аймгийн хэмжээнд 311 хүүхэд ямар нэгэн хүчирхийллийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа байдаг байна. 

Эх сурвалжийн өгсөн тоон мэдээллээс харахад Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2021 онд 3800 орчим хүүхдэд хамгааллын бодит дэмжлэг үзүүлсэн байна. Цар тахлын үед 400 гаруй айл өрхөд үнэлгээ хийж 750 хүүхдэд хүнсний болон эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Хүүхдийн эрх зөрчигдөж, ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй гомдол, мэдээллийн дагуу үнэлгээ хийхэд илрүүлэлт өмнөх оноос 43 хувиар, Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага 30 гаруйгаар нэмэгдэж 93 болж тус тус өсчээ.

Уулзалтад ирсэн салбарын төлөөллүүд "Эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг бодит тоон үзүүлэлтээр гаргаж ирж байгаа нь илрүүлэлт сайн байгаагийн үр дүн гэж үзэж байгаа. Түүгээр ч зогсохгүй гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлыг иргэд үүргийнхээ дагуу мэдээлдэг болж буй нь сайшаалтай" хэмээн онцолж байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top