УИХ-ын өчигдрийн чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Чуулганд тус хуулийн төслийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулсан. Тэрээр “Өрсөлдөөний зарчмаар, зах зээлийн бодит үнэд нийцүүлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг батлуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Уг хуулийн төсөл нь долоон бүлэг, 29 зүйлээс бүрдэнэ” гэдгийг хэлсэн юм. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, хэлсэн үгийтоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хэрэгтэй л гэж энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа байх. Энэ хуулийнг төслөөр чинь төрийн өмчийн оролцоогүй, хувийн компаниуд гаргаж байгаа бүтээгдэхүүнээ энэ биржээр заавал арилжаалах ёстой юу. Хэрэв арилжаалахгүй гэвэл Монгол Улсаас экспортлуулахгүй гэсэн зохицуулалт байна уу. Тээвэрлэлтийн асуудлаа шийдэж чадаагүй байж дахиад нэг шинэ зовлон гадаад, дотоодын худалдан авагч нарт үүсгээд хэрэг байгаа юм уу. Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн 34-өөс доошгүй хувь нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт байна гээд хуульд заачихсан хэрнээ үүнийг хэрэгжүүлж байгаа юм огт байхгүй.
Аль болохоор олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, компанийн хариуцлагыг нэмэгдүүлэх, уул уурхайгаас орж байгаа татвар, орлого дээр төр хяналтаа тавиад явах нь зөв л дөө. Гэвч энэ хэлбэрээр яг явах болов уу. Хөдөө аж ахуйн бирж гээд бас нэг төрөөс зүгээр мөнгө авдаг, ямар ч хэрэггүй байгууллага болчихсон газар байна. Үзэл баримтлалаас нь харахаар Монгол Улсад хэрэгтэй гэсэн мөртлөө хуулийнх нь агуулгыг харахаар зүгээр л өнөөдөр явагдаж байгаа зүйлийг биржийн хэлбэрт оруулж Засгийн газар дэргэдээ нэг бирж байгуулж, хэдэн хүн тавиад, тэд нар нь арилжаа зохион байгуулсан нэртэй чирэгдэл болох юм шиг л харагдаад байх юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Бирж нь харилцагч, худалдан авагчдын өмнө тодорхой хариуцлага хүлээнэ. Биржээр зарагдаж байгаа бүтээгдэхүүн шаардлага, чанар, стандартыг хангасан байх ёстой. Тийм болохоор хувийн хэвшлийнхэн биржийн шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмж гээд олон зүйл шаардлагатай болно. Энэ хуульд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулна гэж тодорхой заасан. Хувийн хэвшлийнхэн энэ биржээр дамжуулаад худалдаа хийх нь нээлттэй, хориглосон заалт байхгүй. Хуулийн төсөл гарснаас хойш гурван удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн явцад хувийн хэвшлийнхэн бэлэн биш байгаагаа илэрхийлсэн бол шаардлага, стандартыг хангаж байгаад нь оролцоно гэдгээ хэлсэн.
Тиймээс хувийн хэвшлийнхэнийг хүчээр оруулаад, бүх ажилд нь төр хутгалдах юм байхгүй. Харин тээвэрлэлтийн асуудлын хүндрэл байгаа гэж хэлэхэд хэцүү. Гашуунсухайтын боомт дээр л гэхэд 14 мянган машин бий. Гол нь зохион байгуулалтын асуудал байгаа. Мөн бирж маань өөрийн гэсэн дэд бүтэцтэй байх үүднээс Шивээ хүрэнгийн чингэлэг тээврийн терминалыг барих ажлыг 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн.
Мөн өнгөрсөн оны долоодугаар сарын 188 дугаар тогтоолд Гашуунсухайт болон Монгол Улсын хилийн залгаа бүх боомт дээр чингэлэг тээврийн терминал барих зохицуулалт орсон байгаа. Терминал бол энэ тээврийн асуудлыг зохицуулах, нэг усргал, нэг системд оруулах хил дээр хүргэж чадахгүй бага үнээр зарж байгааг шийднэ. Манайд Лондонгийн биржээр хүлээн зөвшөөрөгдсөн гурван лаборатори үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ лабораториудын гаргасан шинжилгээг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Тиймээс эдгээр газрууд уул уурхайн бүтээгдэхүүний чанар стандартын шинжилгээг хангана.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Энэ хуулийн төслийн зарчмыг би дэмжиж байгаа. Олон жил бид уул уурхайн бүтээгдэхүүнийг үнийг хэн, хаана, яаж тохироод байгаа нь эргэлзээтэй гэдгийг ярьж ирсэн. Одоогийн энэ хуулийн төслөөр төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжийн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал зарна гээд заачихсан. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн энэ биржээр бүтээгдэхүүнээ арилжаалж ч болох, арилжаалахгүй байсан ч болохоор сонголттой болчихоод байна.
Бид чинь Үндсэн хуулиндаа газар болоод газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гээд заачихсан. Тийм болохоор төрийн өмчит байна уу, хувийн хэвшил байна уу хамаагүй ижил тэгш нэг л зарчмаар явах ёстой. Ингээд сонголттой үлдээчихээр хувийн хэвшлийнхэн чинь үнэ өртөгөө наймаалцаад, ханшийг нь унагаад биржийн үйл ажиллагааг доголдуулна гэж бодож байна. Мөн биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана гээд энэ төсөлдөө тусгасан. Олон улсын биржийн үнэ ханшийг барьдаггүй юм уу.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Үнийг бид хаанахаар ч зарлаж болно. Гэхдээ бид өнөөдөр Ганцмодны болон Сэхэй боомтоор зарлана гээд байгаа юм гэхээр далай эргийн боомт хүртэл хүргэж өгөх татвар, тээвэрлэлтийн зардал гээд маш их асуудал дагуулах учраас тэр юм. Ганцмодны боомтын үнэ бол олон улсад угаасаа зарладаг үнэ. Бид татвар, тээвэрлэлт гээд бүх асуудлуудаа шийдвэрлэж чадах юм бол Тавантолгойн нүүрсийг Энэтхэгийн Бомбойн боомтоор ч зарлаж болно. Тээвэрлэлтийн асуудлыг шийдэж чадахгүй учраас л Ганцмод, Сэхэй боомтоор зарлана гээд байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Бирж байгуулахад 35.5 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн байна. Энэ зардлыг хаанаас гаргах вэ, бизнес төлөвлөгөө гарсан уу. Оюу толгой компанийн үйлдвэр Монгол-Хятадын хил хүргэх ёстой байтал бүр цааш нь хүргэж байна. Энэ тал дээр хэчнээн төгрөгийн зардал гаргаж байгаа вэ. Биржийн хууль гарснаар Оюу толгойн луйврууд зогсох уу. Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээ бий. Гэтэл эрх зүйн зохицуулалт бүрдээгүй л байна. Монгол Улсад хөдөө аж ахуйн бирж гэж байгуулагдаад дампуурсан. Эдгээр биржээс ямар сургамж авсан бэ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Жижиг зах зээлтэй, уул уурхайгаас хэт хамааралтай улсын хувьд биржийн үйл ажиллагаа тогтворжих хүртэл төрийн өмчит байх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хатуу бодлоготой урд хөрштэй харьцаж байна. Мөн төрийн өмчит компаниудыг оруулж байгаа учраас төр эхний ээлжид биржийг хариуцна.
Оюу толгойн үйлдвэр есөн жил ажиллаж байна. Экспорт болоод зэсийн баяжмалыг борлуулж байгаа үнэ ханш бол хаалттай байдаг. Оюутолгойн хувьд уурхайгаас Гашуунсухайт хүртэл нэг тоннд 17 ам.доллар төлж байна. Баяжмалыг Гашуунсухайт хүргэхэд мөн нэмж 18 ам.доллар төлж байгаа юм. Тэгэхээр олон улс болон дэлхийн худалдааны байгууллагын гаргасан заалтын дагуу тухайн улс орны талд хийгдэж байгаа тээвэрлэлтийн зардлыг тухайн улс төлнө.
Жилд 30-аад сая ам.долларын илүү зардал гаргаж байна гэсэн тоо бий. Олон улсын лабораторийн шинжилгээний дүнгээр эцсийн төлбөр тооцоог хийдэг. Тиймээс Монголын талд 34 хувийн эзэмшил байгаа Оюу толгойн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах нь ашигтай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Бирж дээр ирээдүйн худалдааны зах зээл яригдаж байна. Энэ бол 100 жилийн дараах асуудал. Зах зээлийн үйл ажиллагааг хуулиар хэрхэн зохицуулах вэ. Томоохон арилжаанууд хийгдэх нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ. Олборлогч, эцсийн хэрэглэгч хоёроос гадна үнийн хэлбэлзэл дээр, хоёр өөр биржийн үнийн зөрүү дээр тоглодог тоглолт явагддаг. Тэгэхээр үнийг хэрхэн хянах вэ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Түүхий эдийн эдийн засгийн зах зээлийн хөдөлгөөн маш том. Тиймээс биржээ бойжих хүртэл төрийн бодлогоор зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хятад улсад түүхий эдийн зах зээлийн хөдөлгөөнийг л атгаж чадвал тухайн улс орныг атгаж чадахаар байгаа юм. Биржийн бүтэц, төлбөр тооцооны системийн хувьд дотоодын үнэт цаасны компаниудаар явагдахаар байна. Энэ тал дээр хөрөнгийн биржийг дагаад нэлээд тогтсон гэж харж байна.
Хуулийн төсөл дотор гурван гол гэрээ бий. Эхний ээлжид бирж байгуулагдахад нөөцийн худалдан авалтын төлөвлөгөөний дагуу худалдан авалтыг хийж болно. Энэ бол нээлттэй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Заавал төрийн оролцоот бирж гэж байгаа нь хувийн хэвшлүүдэд саад тотгор болж магадгүй гэж харж байна. Нэг тонн тутамд ойролцоогоор 50 ам.доллар алдаад байна гэж байна шүү дээ. Тэгвэл олон улсын биржийн арилжааны үнэд хэдий хугацааны дараа хүргэхээр зорьж байгаа вэ. Мөн биржийн зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ. Тэгэхгүй бол хөдөө аж ахуйн бирж одоо дунд нь ямар ч зохицуулалтгүй болоод байна. Технологид суурилсан биржүүд хууль эрхзүйн зохицуулалт байхгүй ч гэсэн олон улсад арилжаа хийгдээд л явна. Тэгэхээр хуульд нарийн тусгаж өгвөл алсын хараа сайн байна гэж харна. Олон улсын биржийн эрхзүйн орчноос Монгол Улсад ирээдүйд гарах өөрчлөлт өөр өөр бий.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-5, 7 жилийн дараах нөөцийг худалдаж авъя гэвэл асуудалгүй. Учир нь ордуудын дунд болон урт хугацааны төлөвлөгөө гарсан байгаа учраас энэ бол нээлттэй. Олон улсад зөвшөөрөгдөх үнэ гэдэг дээр хэлсэн. Чингэлэг тээвэрлэлтийн терминал дээр хийгдсэн үнэ эхний ээлжид туршилтын журмаар хийгдсэн. Яагаад өнөөдөр Гашуунсухайт дээр терминал хийгдсэн бэ гэхээр Covid-19-өөс хамааралтай. Тиймээс хямд үнээр хийгдэж байна. Ойрын хугацаанд үнэ бол өсөөд, тогтворжоод явна гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )