ОРХОН: Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүй байх шийдвэр гаргав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас томуу томуу төст өвчин, ротовирусийн халдвар, ковидын өвчлөл нэмэгдэж байгаа учраас цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргаж, хичээл эхлэх хугацааг хойшлуулах саналыг тавьсан юм. Аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан хуралдсаны эцэст цэцэрлэгийн анги дүүргэлт 50 хувиас бага байгаа тул үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. 

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Орхон аймагт хөл хорино гэх яриа олон нийтийн дунд тархаад буй. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатараас тодруулахад тэрбээр “Аймгийн хэмжээнд хөл хорио тогтооно гэх ташаа мэдээлэл явж байна гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Түүнээс гадна улс даяар Омикрон хувилбарын давалгаатай нүүр тулаад байна. Тиймээс аймгийн нийт эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэх, орны хүрэлцээг нэмэглүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сар шинэтэй холбоотойгоор хориглосон шийдвэр гаргаагүй, харин иргэддээ эрүүл ахуй талдаа онцгой анхаараарай гэх анхааруулга өгсөн. Нийтийн худалдаа, үйлчилгээ, бусад үйлчилгээний байгууллагуудын хувьд цагийн хуваарийн хязгаарлалт хийх, үйл ажиллагааг нь хориглох шийдвэр гаргаагүй. Цаашдаа сар шинийн өдрүүдтэй холбоотой арга хэмжээг мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр тулгуурлан авч хэрэгжүүлнэ. Юу юугүй аймаг дунд, хот хооронд хорих хязгаарлах шийдвэр гаргахгүй гэж ярилцаж байна. Дээд шатнаас ч тийм шийдвэр гаргаагүй” гэж ярьсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top