Коронавируст халдварын оргил үе, сар шинийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх, шүлхий өвчний нөхцөлд байдалд арга хэмжээ авах зэрэг асуудлаар Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, сар шинийн амралтын өдрүүдтэй холбоотойгоор байгууллага бүрт хариуцлагатай жижүүр гарч ажиллуулах, нэг цэгийн шинжилгээ авах үйлчилгээ ачаалал их байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтан, тандалт судалгааны ажил хийх алба хаагчдын тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагийн хуваарийг 09.00-14.00 цаг хүртэл байхаар тогтоолоо. Түүнчлэн хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эм ханган нийлүүлэх байгууллагуудад 20 хоногийн нөөц бий болгох үүрэг чиглэл өгсөн байна.
Аймгийн онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадрал “Коронавирусний Омикрон хувилбар иргэдийн дунд өргөн тархалттай байгаа учраас хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл иргэдээс төлбөргүй PCR шинжилгээ авна. Ямартай ч хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл төлбөрийн асуудал яригдахгүй. Гадаад талбайн худалдаа үйлчилгээний асуудлыг хориглохгүй. Хамгийн гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй” гэж ярилаа.
Мөн аймгийн хэмжээнд гарсан шүлхий өвчинтэй холбоотойгоор эрүүл бүсэд байгаа малаа вакцинжуулах чиглэлээр Улсын онцгой комисст санал хүргүүлсэн бөгөөд энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ны өдрийг гэхэд бүх малаа вакцинжуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )