Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн цуваа Чингис хаан банкаар үргэлжлэх үү

2022 оны 02 сарын 19

-Нийслэлийн прокурорын газраас 50  орчим хавтаст хэргийг хянаад байна-

Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой албан бичиг ирүүлсэн байдаг. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ асуудал дээр хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус газраас хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд шилжсэн 73 аж ахуйн нэгжийн нэрсийг нээлттэй зарласан юм.

Тэгвэл дээрх зээлдэгчдийн дотор Чингис хаан банк багтжээ. Хуулийн байгууллагаас Чингис хаан банк Хөгжлийн банкнаас зээл авахдаа давуу байдал үүсгэсэн, бусдад авлига өгсөн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг тогтоох чиглэлээр шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр  Чингис хаан банкны удирдлагуудыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст давхар шалгаж байгаа аж.

Тодруулбал, Чингис хаан банкны удирдлагууд Хөгжлийн банктай хийсэн гэрээгээ зөрчиж, зээл авахдаа барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан, борлуулсан нь гэмт хэргийн шинжтэй байгаа тул ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүрчээ. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод буй Чингис хаан банкны хувьцааг “Нью стандарт финанс” ХХК эзэмшдэг аж. “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан гэж хүмүүс бий тухай эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.

Хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд нь Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч гэнэ. Тиймээс уг хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Чингис хаан банкны хувьд 2019 онд Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй тухай эх сурвалжаас мэдээлээд буй юм. Өдгөө тус банканд 37 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа аж. Түүнээс гадна Чингис хаан банканд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.7 тэрбум төгрөг байгаа.

Гэвч  Засгийн газар өдийг хүртэл нэг ч төгрөгийг эргүүлэн авч чадаагүй сунжирсаар иржээ. Чингис хаан банкны ард хэн гэдэг эрх мэдэлтэн байгаа, эдийн засгийн ямар томоохон бүлэглэл нуугдаж буйг хуулийнхан удахгүй ил болгох нь ээ. Эх сурвалжаас өгч буй мэдээллээр уг асуудлаар удахгүй хууль, хяналтын байгууллагаас шалгалт явуулж дуусаад олон нийтэд нээлттэй зарлах аж.

Ийнхүү Хөгжлийн банкыг тойрсон асуудал улам хурцдаж, чанаргүй зээлдэгчдийн нэрс ил болсоор байна. Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших буюу 2011 оноос өнөөг хүртэлх тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн байна. Түүнчлэн Нийслэлийн про­курорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан байна.иУлмаар энэ хэргүүд дундаас сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарахаар болжээ.

Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийд­вэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судалж байгаа аж.

Өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, дээрх ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top