Хууль, хяналтын байгууллагаас "Хөгжлийн банк"-наас зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж эхэлсэн.
Улмаар өнгөрсөн долоо хоногт "Хөгжлийн банк"-ыг удирдаж байсан үе, үеийн дарга нар болон зарим зээлдэгч нарын 11 хүнийг цагдан хорьж, шалгах саналыг АТГ-аас прокурын байгууллагад хүргүүлсэн. Улмаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс таван хүнийг цагдан хорьж, нэг хүнийг хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн бол нэр бүхий дөрвөн хүнийг хорих эсэх асуудлыг өнөөдөр /2022.02.21/ хэлэлцэнэ.
Тодруулбал, "Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн)-ийн өмгөөлөгчөөс “Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг өнөөдөр 16.00 цагт товлоод байна.
Мөн Хөгжлийн банкны дэд захирал асан, яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, мөн өнөөдөр 15.30 цагт товлосон.
Түүнчлэн "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон "НВЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг нар шүүгчээсээ татгалзсан тул хурлыг мөн өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )