Монгол Улсын Хөгжлийн банкнаас Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдийг санхүүжүүлсэн.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсноор зүүн бүсийн гурван аймгийг цахилгаанаар бүрэн хангах ажээ.
Мөн Газрын тосны боловсруулах үйлдвэрийн туслах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Хөгжлийн банк санхүүжүүлж байна. Үүний хүрээнд 27 км төмөр зам, 17 км авто зам, Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил, Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа зэрэг бүтээн байгуулалтыг 100 хувь хийж гүйцэтгэжээ. Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явц 63 хувьтай байна. Тус ажлыг гүйцэтгэлээр нь үргэлжлүүлэн Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа аж.
"Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөлд Хөгжлийн банк нийт 248 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт буюу зээл олгохоор байгаа. Төслийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК хэрэгжүүлж байна.
Төсөл дуусах хугацааг 2026 он гэж хэрэгжүүлэгч талаас шинэчилсэн бөгөөд энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа ба үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Эксим банкны зээлээр санхүүжүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
МУ-ын Засгийн газар, УУХҮЯ-наас энэ Газрын тосны үйлдвэрээ маш сайн дэмжээд өгөөсэй,