Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан гуравдугаар сарын 7-ны өдөр эхэлж өнөөдөр /2024.03.21/ завсарлалаа.
Улмаар, нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагаас үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах тул оролцогч нар товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, уг шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч, тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )