ХӨГЖЛИЙН БАНК: 534 хавтаст хэрэг ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ шүүхэд ирлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байгаа билээ.

Тэгвэл тус шүүх прокуроруудын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд “Хөгжлийн банк”-ны гэх 534 хавтаст хэргийг энэ сарын 9-нд хүлээн авсан байна. Мөн зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах 32, иргэний хариуцагч буюу зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжийн өмгөөлөгчдийн гаргасан дөрвөн гомдол зэргийг шүүх хүлээн авчээ.

Өдгөө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар хянаж байна.

Прокурорын зүгээс нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзжээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Монгол драй милк”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд эсэргүүцсэн гэх мэдээлэл бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top