Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярыг хорих шийдвэр гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус банкны чанаргүй зээлийн ангилалд шилжсэн аж ахуйн нэгжүүдийг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсний дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Улмаар нэр бүхий зээлдэгч болон банкны удирдлагаар ажиллаж байсан 11 хүнийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.02.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг хэлэлцэж, нэг сарын хугацаагаар хорих шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэн. Улмаар уг хүсэлтийг хүлээн авч, хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан баримтуудыг судалж прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top