[БИДНИЙ НЭГ] Нэхмэл тоглоом хийж, зардаг ДУНД СУРГУУЛИЙН ОХИД

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Гарааны бизнес эхлүүлэх гэсэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол олон байдаг. Өөрсдийгөө "жаахан" гэж хойш суулгүйгээр сонирхлоо бизнес болгон эхлүүлж яваа дунд сургуулийн сургуулийн сурагчдыг "БИДНИЙ НЭГ" буландаа урилаа.

Тэднийг Н.Марал-Од, Б.Анар гэдэг. Энэ хөөрхөн охидууд "Улаанбаатар элит" олон улсын дунд сургуулийн 10-р ангид сурдаг. Юм нэхэх ижилхэн сонирхолтой нэг ангийн найзууд нэгэн өдөр ярилцаж суухдаа нэхмэл тоглоом, "croptop" хийж, зарахыг хүсдэг тухайгаа бие биедээ хэлжээ. Ингэж адилхан бодолтой байгаагаа мэдсэн охид нийлж, "Marrana handmade" гэх нэхмэл тоглоом болон хувцасны бизнес эхлүүлсэн байна. Охидын хувьд өөрсдөө хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах онлайн дэлгүүр нээхийн тулд олон давааг давжээ. Яг л "том" бизнес эрхлэгчид шиг зах зээлийн судалгаа хийж, материал худалдан авах төсөв хайж эхэлсэн гэнэ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Н.Марал-Од охин ээждээ төлөвлөгөө бэлтгэн харуулсан ч "амжилт" олоогүй аж. Гэсэн ч охин шантрахгүйгээр өөр арга хайжээ. Эцэст нь тэр шинэ жил, төрсөн өдөр гэх мэт баярын өдрүүдээр цуглуулсан мөнгөөрөө материал худалдаж авсан байна. 

"Бизнесээ эхлүүлэх амар байгаагүй ээ" хэмээн хэвлүүхэн ярих охид одоо захиалгадаа "дарагддаг" болжээ. Валентинаар нэлээд их захиалгатай, завгүй байсан гэнэ.

"Хамтдаа суугаад чихмэл тоглоомоо нэхдэг болохоор уйддаггүй байх" гэж асуухад "Бид хэдий хамт байгаа ч ажил ихтэй үедээ хоорондоо юу ч ярьдаггүй. Учир нь юм нэхэж байхад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болдог" хэмээн инээмсэглэн хариулав. 

Ийн ажлаа хийж 2-3 цагийг чимээгүй өнгөрүүлэхдээ тэд бодлоо цэгцэлж, өөртэйгөө ярилцдаг гэнэ. 
 


Н.Марал-Од охин хоёр жилийн өмнөөс л нэхмэл сурчээ. Тэр "Фэйсбүүк", "Тик ток"-ийн бичлэг үзэж байгаад шинэ хоббитой болсон байна.

Энэ тухайгаа "2020 оноос эхлэн чихмэл тоглоом хийж сурахыг хүсэх болсон. “Фэйсбүүк”, “Тик ток”-оор нэхмэл тоглоомын сэдвүүд дэлгэрч байсан л даа. Хөөрхөн харагдаад захиалж авах гэхэд Монголд бараг байхгүй байсан. Байгаа цөөн хэд нь материал муу, эсвэл дүрс, өнгө нь таалагдаагүй. Тийм болохоор өөрөө хийхээр шийдэж, суралцаж эхэлсэн. 

Чихмэл тоглоом нэхэхэд стресс тайлагддаг. Ямар нэгэн зүйл болохгүй байх үед юм нэхээд л суучихна. Хэсэг хугацааны дараа тайвшраад, бодол цэгцэрдэг. 

Анхны бүтээл маань 14 инчийн үхэр байсан. Түүнийг ээжид жишээ болгож харуулаад, "Ийм зүйл хийх гэж байгаа" гэдгээ хэлсэн. Ээжид маань миний нэхмэл бодитоор нь харахад маш их таалагдсан тул 100 мянган төгрөгөөр дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн. Тэр мөнгөөр би материал авч, одоо хүртэл бүтээлээ хийгээд явж байгаа. Дэлгүүрээ нээж, мэлхий, гахай, бээлий гээд төрөл бүрийн зүйл хийсэн. Харин одоо "Croptop" хийж байгаа. Бүтээлүүд дундаас хамгийн хямдхан, жижигхэн нь болохоор мэлхий олон зарагдсан" гэсэн юм. 
 


Харин Б.Анарын хувьд тавдугаар ангиасаа нэхмэл сонирхож, бие дааж суралцсан байна. Бүтээлч зангаараа гэрийнхэн дундаа "алдартай" тэрбээр гар доорхи материал ашиглан бүтээл хийх, зураг зурах дуртай гэнэ. Юм нэхэж сурахыг хүсэж байгаа үеийн найзууддаа хандаж "Нэхмэл тоглоом хийх талаар интернетэд олон бичлэг байгаа. Та нар өөрийнхөө хүссэн зүйлийг нэхэхийг сурч болно. Дагаад хийгээд үзээрэй. Бүтээлч байгаарай найзууд аа" хэмээн зөвлөсөн юм. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top