Ховд аймгийн Алтай сумын “Янзагахан” цэцэрлэгийн барилгыг 2008 онд барьсан бөгөөд тэрнээс хойш их засвар хийгээгүйгээс болж дээвэр тааз нь хотойж, хананд нь цууралт үүссэн байна. Одоогоор тус цэцэрлэгийн 19 багш, 164 хүүхдэд хичээл зааж байна. Угтаа тус цэцэрлэг 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч ийнхүү ачаалалтай ажиллаж байгаа юм.
Цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэцэцэгийн ярьснаар 2015 онд барилгын тааз хотойж, цууралт өгч эхэлсэн байна. 2019 онд Мэргэжлийн хяналтын газраас тулгуур хийж засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний дагуу 2021 оны зургаадугаар сард “Газрын хүч” ХХК-аар зураг, төсвийг нь гаргуулж 417 сая төгрөгөөр засварлахаар төлөвлөсөн ч өнөөг хүртэл биелэлээ олоогүй байгаа ажээ.
Энэ асуудалд Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан хяналт шалгалт хийж, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлэх ямар гарц боломж байгааг судална хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )