Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн зүгээс цагаан тоосны дэгдэлттэй холбоотойгоор гомдол гаргаж, Эрдэнэт үйлдвэр, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг тавьсан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Хүсэлтийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд өчигдөр иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Жаргалант сумын иргэдийн зүгээс хүндрэл бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудал их байгааг хэлсэн юм. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасанд иргэд шүүмжлэлтэй хандлаж, хэлэлцүүлэгт танилцуулсан ажлуудыг үр дүнгүй, явцуу тайлан хэмээн шүүмжилсэн юм.
Тус сумын “Говил” багт 2000 гаруй иргэн, Жаргалант суманд 3000 иргэн амьдардаг. Тэгвэл үйлдвэрийн зүгээс тавьсан тайланд өнгөрсөн 2019 онд 400 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулсан талаар ярьж байна. 5000 иргэнээс 400 хүнийг шинжилгээнд хамруулсан талаараа тайланд тусгаж байгаа нь хийж буй ажлын үр дүнгийн нэг жишээ нь байв.
Түүнчлэн жирийн иргэдийн зүгээс тухайн тайланг ойлгох боломжгүй мэргэжлийн үг хэллэг, тоног төхөөрөмжүүдийн талаар тайланг танилцуулав, иргэд ойлгоогүй. Жил бүр ярьдаг нэг л зүйлийг байнга ярьж байгаа нь учир дутагдалтай гэх шүүмжлэлийг хэлж байв.
Мөн шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй дарга нараас тус хуралд оролцсонгүй. Жаргалант сумын иргэдэд нөхөн олговор олгох, сэрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөрсний бохирдлын судалгааг гаргах, хангал голын усыг хэрэглэж болох эсэхэд мэдэгдэл өгөх, ажлын байраар хангах, гүний худагтай болох, тарьж ургуулж буй ногоог үйлдвэрт нийлүүлэх саналуудыг хэлсэн юм.
Эх сурвалж: Эрдэнэт имфо
Сэтгэгдэл ( 0 )