Хөгжлийн банктай холбоотойгоор 170 дансыг битүүмжилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд зарласан. Үүний дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг албан ёсоор зарласан юм.

Тэгвэл нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор дээрх холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлэгчидтэй холбоотой нийт 55 удаагийн биечлэн уулзалт хийсэн байна.

Мөн энэ хугацаанд АТГ-ын мөрдөн шалгах хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийн 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байна гэсэн мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top