Америкийн “Олон Улсын Хөгжлийн Байгууллага”-аас санаачлан “Минийх, минийх” компанит ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд урлагаар дамжуулан залуучуудад цахим халдлагын талаар мэдээлэл олгох “Минийх” хэмээх тэмцээнийг зарлалаа.
Энэхүү тэмцээн нь цахим аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээж, иргэдэд цахим орчинд өөрийн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар ойлголтыг өгөх зорилготой ажээ.
Олон нийтийн дунд зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь гуравдугаар сарын 2-20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд насны хязгаар заагаагүй гэдгээрээ онцлогтой.
Тэмцээнийг караоке, бүжиг, ковер дуу гэсэн гурван ангилалаар зохион байгуулах бөгөөд тус бүр 2 сая төгрөгийн шагналын сантай аж.
Ангилал бүрээс тус бүр таван бүтээлийг шалгаруулж, “Миний Минийх” фэйсбүүк хуудсанд нийтлэх ба олон нийтээс хамгийн их санал авсан буюу “Зүрх” реакшнийг хамгийн олон цуглуулсан нэг, нэг бүтээлийг шалгаруулах юм.
Дашрамд өгүүлэхэд залуу дуучин А.Хишигдалай, Gangbay хамтлагийн “Минийх” хэмээх уран бүтээл нь тус компанит ажлын эхлэл байсан ажээ.
Энэ талаар “Gangbay” хамтлагийн менежер Ш.Эрхэмбаяр ““Хөгжим гэдэг зүйл үзэгчдийг зөвхөн зугаацуулахдаа гол нь биш хажуугаар нь цахим орчны аюулгүй байдал, үнэ цэнэ хэр чухал вэ гэдгийг хүргэхийг зорьсон. Бидний хийсэн дууг сонссон хүмүүс ая аялгуу, хөгжмийг таашаахын зэрэгцээ бусдад эерэг энерги түгээж цахим аюулгүй байдлын талаар бусаддаа түгээн дэлгэрүүлнэ гэж итгэж байна” гэж ярьсан юм.
Харин Дуучин А.Хишигдалайгийн менежер Б.Дөлгөөн “Энэ дууны агуулга нь товчхондоо итгэл болон хувийн орон зайн тухай юм. Манай залуучууд хувийн орон зайгаа хамгаалах, цахим аюулгүй байдлаа сайжруулах тал дээр анхаарах цаг болсон” гэлээ.
Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 0 )