Шүүхийн үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлэх хэлэлцүүлэг болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 13

Шүүхийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, шуурхай, чирэгдэлгүй болгох талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдвийн дор болсон энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, Нийслэл дэх зарим шүүхийн Тамгын газрын төлөөлөл оролцсон юм.

Бичгийн машинаар шийдвэр, тогтоол бичиж байсан Монгол Улсын шүүх Нийслэлийн шүүхэд анх 1989 онд 1 компьютер, принтер авч, бүртгэлийн программ хангамж боловсруулан ашигласнаар шүүхийн мэдээллийн технологийн түүх эхэлсэн. Одоогийн байдлаар 25 программ хангамжийг бүх шатны шүүхийн хэмжээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөөнд цахим шүүхийг хөгжүүлэх цогц зураглал хийх, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлохоор тусгасан. Энэ хүрээнд шүүх цахимаар нэхэмжлэл хүлээн авах, өмгөөлөгч, хэргийн оролцогчтой цахимаар харилцах, улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлөх, цахим нотлох баримтыг үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, цахим шүүхийн дэд бүтцийг (мэдээллийн сүлжээ, техник болон программ хангамж, мэдээллийн сан, мэдээллийн системийн загвар бүрдүүлэх, шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх), иргэн, захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх алхмыг шат дараатай хийхээр тусгаад байгаа билээ.

  • E-court буюу шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид шүүхэд биечлэн ирэлгүйгээр TV conference, Web conference зэрэг технологийг ашиглан оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх,
  • E-Filing нэхэмжлэл, хариу тайлбар болон бичгийн хэлбэрээр шүүхэд гаргадаг бусад мэдүүлэг, тайлбар, хүсэлт, бичмэл нотлох баримтыг цахим хэлбэрээр мэдүүлэх, үйл ажиллагаагаа хянах системийн хувьд тоон гарын үсэг ашиглан шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах технологийн боломж нь бүрдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлтийг цахим систем ашиглан зайнаас шүүхэд гаргах талаар зохицуулалт байхгүй байна. Эрүү, Иргэн, Захиргааны процессын хууль бусад хуулиудад цахимаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэр болгон нэвтрүүлэх боломжгүй байна.

E-Case Management Бүртгэл хяналтын систем, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр систем бүрдүүлэх үндсэн гурван чиглэлээр цахим шүүхийг хөгжүүлэхээр зорьж байна. 2012 оноос хойш Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авахаас хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх бүхий л ажиллагааг хийдэг нэгдсэн системийг үе шаттайгаар бүх шатны шүүхэд нэвтрүүлээд байгаа юм. Энэхүү системийн дараах давуу талтай.

  • Хүний хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр системээр урьдчилан мэдэх боломжгүй тойрог дотор санамсаргүйгээр хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг хуваарилдаг болсон,
  • Хэрэг, нэхэмжлэх ирэхээс эхлээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг ажиллагааг цахимаар бүртгэдэг,
  • Хэргийн явцын судалгаа, тайлан түргэн шуурхай гаргаж зарцуулах цаг багассан,
  • Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх болон ижил шатны шүүх хооронд хэргийн мэдээллийг цахим хэлбэрээр шилжүүлж ажлын давхардал хийдэгдэл арилсан,
  • Шүүгч өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавьдаг болсон,
  • Хууль сахиулах байгууллагууд Эрүүгийн хэргийн мэдээллийг солилцох боломжтой болсон.

Улсын хэмжээнд нийт 72,327 шүүх хуралдаан товлон зарласнаас 29.05% буюу 21,017 шүүх хуралдааныг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан 39,657 шүүх хуралдааны оролцогч зайнаас буюу цахимаар оролцоход ханган ажиллаад байна.

Цаашид шүүхийн үйлчилгээ, шүүн таслах ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглаж иргэд, олон нийтэд нээлттэй шүүхийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг ажилласан бөгөөд “Шүүхийн захиргааны удирдлага, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, “Шүүхийн үйлчилгээ, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, “Шүүхийн мэдээллийн технологи, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг нар тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top