Х.Эрдэнэболд: Хулгайлах гэмт хэргийн 34 хувийг ХҮҮХДҮҮД ҮЙЛДЭЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Улсын хэмжээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад Х.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст энэ оны эхний хоёр сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн байна вэ. Ямар  төрлийн гэмт хэрэг давамгайлж байна вэ?

-Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар 4051 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 1359 нь хулгайлах гэмт хэрэг байна. Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 33.5 хувийг эзлэх  бөгөөд Улаанбаатар хотод орон байрны хулгай 71 хувь,  орон нутагт мал хулгайлах гэмт хэрэг 97 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал, орон байранд нэвтэрсэн хулгайлах гэмт хэрэг 437 буюу 32 хувийг эзэлж байна. Үүнээс нийслэлд 312 буюу 71 хувийг, 125 буюу 29 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хоёрдугаарт, мал хулгайлах гэмт хэрэг эхний хоёр сарын байдлаар 127 буюу нийт хулгайлах гэмт хэргийн есөн хувийг эзэлж байгаа. Харин орон нутагт гарч буй хулгайлах гэмт хэргийн 97 хувийг малын хулгай эзэлж байна.

-Танай дүүрэгт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзсэн үү?

-2021 онд хулгайлах гэмт хэрэг 440, 2020 онд 463 бүртгэгдсэн байна. Тэгэхээр хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн 440 хулгайлах гэмт хэргээс хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг 330, 110 хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн тоон үзүүлэлттэй байна.

-Хулгайлах төрлийн гэмт хэрэгт ямар насныхан холбогдож байна вэ?

-Өнгөрсөн онд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 34 хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байна. Харин 2020 онд гарсан хулгайлах гэмт хэргийн 20 хувийг мөн хүүхдүүд эзэлж байсан.

-Хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Сүүлийн үед орон байрны хулгай, иргэдийн өмчийн хулгай, тээврийн хэрэгслийн эд ангийн хулгай ихэвчлэн бүртгэгдэж байна. Иргэдийн өмчийн хулгайн төрөлд халаасны хулгай их байна. Иргэдийг ажилдаа явах, хичээлдээ явах, ирэх цагуудад халаасны гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Иргэдийн өмчийн хулгайн 50 орчим хувийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийн газар бэлэн мөнгө, гар утсаа ил гаргахгүй байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн эд ангийн хулгай шөнийн цагаар ихэвчлэн гардаг. Иргэн тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар байрлуулсны улмаас амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд автомашины яндан, гурвалжин цонхыг нь хагалж, доторх эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа.

Тийм учраас иргэд автомашинаа найдвартай, камертай зогсоолд байршуулах хэрэгтэй. Гуравдугаарт, орон байрны хулгай гэр хорооллын айлуудад их гардаг. Учир нь гэрээ том цоожоор түгждэг учраас хулгайчид хашааны завсраар эзэнгүй гэдгийг мэдчихдэг. Тиймээс гэрээ аль болох эзэнтэй байлгаж, шаардлагатай үед нууц, жижиг цоожоор түгжих хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Salaavch(73.25.114.116) 2022 оны 03 сарын 27

Muu bugs mini chi turiin hulgaich naraa ehleed yaliig ni uuruulchih. Naad huuheduud chini ter novshnuudiin zolios!

0  |  0
Top