Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх салбарын яамны мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж байна гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ.
Тэрбээр “Манай орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц, баялгийг үнэлэх, томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах эрдсийн түүхий эдийн ордыг тогтоох зорилгоор улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар геологи-хайгуулын ажил гүйцэтгэж байна.
Геологи-хайгуулын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар Улсын нэгдсэн тоо бүртгэлд экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс 69.4 сая тн, нүүрс 33 тэрбум тн, төмөр 1.7 тэрбум тн, алт 1586 тн, молибден 1.5 сая тн, гянтболд 0.5 сая тн, хайлуур жонш 30.2 сая тн, газрын тос 386.7 сая тн бол бусад стратегийн ашигт малтмал болох уран 156.6 мянган тн, газрын ховор элемент 14.5 сая тн геологийн нөөц тогтоогдож бүртгэгдсэн.
Төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 15 орчим шинэ төсөл зарлан, тухайн жилдээ үргэлжилж буй төслүүдтэй нийт 50 орчим төсөл хэрэгжүүлж, 23-25 тэрбум төгрөгийн геологийн судалгааны ажил гүйцэтгэж байна. Энд төрөл бүрийн масштабтай геологийн зураглалын ажлаас гадна Монгол орны болон, бүс нутгийг хамарсан геофизикийн, геохимийн, геэкологийн, тектоникийн болон төрөл бүрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэх ажлууд хийгддэг.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж, 2022 онд 27.7 тэрбум төгрөг, 2023 онд 45.3 тэрбум төгрөг зарцуулан Монгол орны суурь судалгааны ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэн цаашид хайгуулын ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хувийн хөрөнгөөр: Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 4% буюу 6.2 сая га талбайд ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл байгаагаас 1.2% буюу 1.8 сая га талбайд 1692 ашиглалтын, 2.8% буюу 4.4 сая га талбайд 900 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин багассан байгаа нь уул уурхайн салбараас 20-30 жилийн өмнө түрүүлэн явах, ашигт малтмалын нөөцийг тогтвортой нэмэгдүүлж байх, улс орны эдийн засгийн хөгжлийг хангах ёстой салбарын хувьд чамлахаар үзүүлэлт юм.
2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ.
Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, 2022 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэнэ.
Геологийн судалгаа, хайгуулын ажлыг хилийн бүсэд болон Улсын тусгай хамгаалалт бүхий газруудад гүйцэтгэн геологийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлнэ.
Цаашид зэс, нүүрс, төмөр, алт, хайлуур жонш зэрэг уламжлалт ашигт малтмалын төрлөөс гадна дэлхийн эрдсийн түүхий эдийн зах зээлд эрэлт ихтэй өндөр технологийн түүхий эд, газрын ховор элементийн хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц, баялгийг үнэлэх, ордыг шинээр нээх зорилгоор улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Ганцхан монгол Эх дэлхийгээ аварч үлдэх Дэлхийн хандлагын эсрэг явж болохгүй?