Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Энэ сарын 19-ний өдөр буюу мягмар гарагт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газар (АТГ) саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тухайн өдөр Д.Эрдэнэбилэгийн гэр болон Худалдаа хөгжлийн банкны төв оффист АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, нийт найман хайрцаг санхүүгийн баримт хураан авсан байдаг.

Улмаар оройн 20:00 цагийн орчимд түүнээс тайлбар, мэдүүлэг авах зорилгоор АТГ-т хүргэж, 48 цагийн хугацаагаар түр саатуулсан.

Түүнийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэсэн үндэслэлээр шалгаж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Түүнчлэн шалгалтын үеэр ХХБ-ны оффисоос хураасан санхүүгийн баримтуудад үндэслэн Д.Эрдэнэбилэгийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн учраас өчигдөр (2022.04.20) АТГ-аас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих саналыг хүргүүлээд байгаа юм.

Энэ саналыг өнөөдөр /2022.04.21/ хэлэлцэх тов гараад байна.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. 

-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа. Түүнд эрүүгийн хэрэгт үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг хийж байна. Түүний хамааралтай тодорхой обьектуудад нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан. Ингээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл илэрсэн учраас түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг Авлигатай тэмцэх газраас прокурорын байгууллагад хүргүүлсэн. 

-Д.Эрдэнэбилэгийг хэдий хугацаанд цагдан хорих вэ?

-Хэрэгт холбогдсон тухайн иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ.

Прокурорын байгууллага саналыг боломжит хурдан хугацаанд хүлээж авч, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүргүүлдэг. Ингээд хэргийн холбогдогчийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ гэсэн үг. 

-Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкны байр болон гэрт нь нэгжлэг, шалгалтыг хийсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой баримтыг устгахыг завдсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Шалгаж байгаа үндэслэлийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөгч хуульд заасны дагуу хэрэгт хамаарал, ач холбогдолтой баримт байгаа гэж үзсэн тохиолдолд прокурорын зөвшөөрлийн хүрээнд нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top