Дорнод аймгийн Халхгол сумын нутгийг хамарсан ой хээрийн түймрийг өнөөдөр /2022.04.21/ өглөө 05:00 цагийн орчимд цурманд оруулж унтраасан байна.
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дэгдсэн ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэрэг, Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ЗДТГ-ын ажилчид, иргэд, газар тариалангийн компаниуд хамтран ажиллажээ.
Дорнод аймгийн хувьд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш хуурайшилтын нэн аюултай зэрэгт шилжээд байсан бөгөөд 18-ны өдөр хилийн цэргийн 1-р заставын ойролцоогоос хээрийн түймэр гарсан юм. Тус түймэр богино хугацаанд, их талбайг эзлэн тархах болсон гол шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал буюу хүчтэй салхи шуурга байсан талаар аймгийн ОБГ-ын удирдлага ярьж байв.
170 гаруй хүний хүчээр унтраасан ой хээрийн түймрийн хохирлыг гаргах үүргийг Аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст өгсөн байна.
Дашрамд өгүүлэхэд, өчигдөр цаг агаарт зориудаар нөлөөлөх "Онон бороо-1" экспедиц Баян-Уул, Баяндун сум орчмоор хур тунадас нэмэгдүүлэх анхны үйл ажиллагааг амжилттай явуулсан байна. Үүний үр дүнд 0.2-0.6 мм хур тунадас Дорнод аймагт оржээ. Түүнчлэн 20-ны өдрийн 11.00 цагийн байдлаар Цагаан-Овоо, Сэргэлэн, Хөлөнбуйр сумдын нутгаар нойтон цас орсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Онцгой байдал жилдээ ганц удаа хаварын улирилдаа онц байдал зарлаад энэ хэдэн түймрүүдийг урьтаж сахиад унтраагаад байж бодоггүй юм байх даа. Хэдэн хэдэн улаанбаатарын утаанаас илүү утаа наад түймрээс чин ялгарч байгаа ш дээ. Явуулын эргүүл гаргаад тамхи тариа амандаа зуусан эргүүнүүдэд анхааруулга өгөөд, хаашаа ямар шалтгаанаар явж байгааг нь бүртгэлжүүлээд жаахан идэвхтэй ажилмаар санагдах юм. Хайран байгаль цөлжиж дууслаа.