Засгийн газар “Оюутолгой”-н ногдол ашгаас УРЬДЧИЛЖ авах талаар хөрөнгө оруулагчидтай ярилцжээ

2022 оны 04 сарын 29

Энэ оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгохоор төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж буй Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед боломжоо алдаж байгаа нь харамсалтай” хэмээн хэлж сууна.

Тэрбээр “Экспортууд хэвийн болоод ирвэл бид хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн. Харин богино хугацааны хүндрэл хөрөнгө оруулагчдыг үргээхээс сэргийлэн ажиллаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг Монголын төв банканд тушаах талаар ярилцсан. Монгол талд байгаа удирдлагын түвшинд ойлголцсон. Цаад талдаа тохирвол энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой байгаа. Татварын тухайд аудит хийгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн экспорт хэвийн явж байгаа” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн юм.

Сангийн сайдын хэлж байгаачлан нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас  урьдчилгаа авах асуудал яригджээ. Гэхдээ энэ асуудал шинэ биш хуучин сэдэв л дээ.

Сануулахад, “Рио Тинто”, “Туркойз хилл”-ийн зүгээс Засгийн газартай хэд хэдэн асуудлаар ойлголцолд хүрэхээсээ өмнө буюу өнгөрсөн оны 8 дугаар сард манайд ирүүлсэн зөвшилцөх саналдаа ногдол ашгаас урьдчилж өгөх талаар дурдаж байсан юм.

ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хийхдээ,

“Туркойз Хилл”, “Рио Тинто”-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд “Рио Тинто”-гийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Цар тахлын эдийн засгийн хүнд цаг үед гүний уурхайн үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газарт одоо төлж буй АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд  1 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналыг уг захидалд илэрхийлсэн.

Монголын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос “Эрдэнэс Оюу Толгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд бэлэн байгаагаа “Рио Тинто” албан ёсоор илэрхийлсэн” гэж байв.

Ногдол ашгаас урьдчилж төлөх “Рио Тинто”-гийн саналын талаар Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо хэлэхдээ, “Мэдээж бид ирүүлсэн саналыг нухацтай судална. Ямар нөхцөлөөр тавьж байгаа санал болохыг нягталж шалгах шаардлагатай... Цаашид “Оюу Толгой” компанийн менежментийг сайжруулах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүч дотоодоос худалдаж авдаг болох зэрэг шийдэх асуудал олон бий” гэж байв.

Улмаар талуудын хэлэлцээ үргэлжилсээр, “Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа тусгасан ТАВАН АСУУДАЛ тусгасан байсан. Тэдгээр нь:
 

  • Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх
     
  • Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах
     
  • Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх
     
  • Далд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид нэмэлт өр үүсгэхгүйгээр шийдвэрлэх,
     
  • Төслийг  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналууд юм.


Улсын Их Хурлаас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасан.

Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан. Энэ өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадсан гэж эрх баригчид тайлбарласан.

Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ.  Мөн “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой гэж Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэл өгч байсан.

Түүнчлэн,  2019 онд УИХ-аас баталсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих,  шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ТҮР ХОРОО 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр татан буугдсан юм.

“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс Ерөнхий сайдад ирүүлсэн сүүлийн  захидалдаа,  “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэсэн байдаг.

Гэтэл УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг тухайлж авч үзвэл, Нэгдүгээр зүйлд тусгасан хамгийн эхний асуудал бол Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авахад чиглэсэн цогц арга хэмжээ авах талаар тусгасан байдаг юм. Харин  “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс эцсийн санал гэж тодотгосон захидалдаа уг асуудлаар ямар нэг үг өгүүлбэр дурдаагүй байдаг юм.

Түр хороог ахлан ажилласан Ц.Даваасүрэн хэлэхдээ, урт хугацаанд ашиглах Оюутолгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Оюутолгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан гэж байсныг сануулъя.

Өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, гадаад, дотоод тал талын хүчин зүйлсийн улмаас эдийн засаг амаргүй байдалд орж, ам.долларын дотогшлох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал эхэнд эрэмбэлэгдэж байгаа. Тиймээс Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал Монголын эдийн засагт чухал нөлөөтэйг хаа хаанаа ойлгож буй. Гэхдээ Оюутолгой төсөлтэй холбоотойгоор өнөөдөр биш ирэх жилүүдэд яригдах шаардлагатай асуудлууд  бийг дурдахад илүүдэхгүй байх. Тухайлбал, суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлуудыг эргэн харах, ярих, нухацтай авч үзэх нь цаг хугацааны л асуудал юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top