Саяхан нет эргүүлж суутал Нидерландын парламент 116:30 буюу дийлэнх олонхын саналаар урьдчилан ухаан алдуулалгүйгээр амьтан алахыг хориглосон хууль гаргажээ. Уг амьтан “ухаан алдсан” эсэхийг эмч мэмч заавал үзэж нотлох ёстой юм гэнэ. Энэ бол “манай төр” иргэдээ шууд буудчихдагийн дэргэд үнэхээр атаархмаар жишээ л дээ. Би ч сониуч болохоороо ер нь ингэхэд амьтад ямар хууль хуудастай байдаг бол гээд хальт хайгаад үзсэн чинь ээ, гэгээн бурхан минь, энэ дэлхийд чинь амьтад нь маниасаа хамаагүй дээр эрх, эрх чөлөөтэй болчихсон юм байна. Биелүүлж чадахгүй хэвтэж хүний эрх мэрх гэж томорч солиорч байснаас эхлээд амьтны эрхийн стандартыг монгол хүн д ээр хангачихвал зүгээр юм гэж бодлоо. Энэ тухай өгүүлье.
Амьтан ямар эрхтэй вэ?
"Амьтны сайн сайхан байдлыг хангах дэлхий дахины тунхаглал" /Universal Declaration on Animal Welfare/ гэж нэг мундаг баримт бичиг байдаг юм байна.
Энэ тунхаглалын гол үндэс нь дураараа бус байгаа (гэрийн нөхцөлд) амьтдын "Таван эрх чөлөө" хэмээх алдартай заалт байдаг аж. "Эрх чөлөөг" нь хангах арга замыг хүртэл заагаад өгчихсөн их нарийн эд байна. Таныг яахыг бүү мэд, би ч уншиж үзээд амьтдад үнэхээр атаархлаа шүү дээ...
1. Өлсөж, цангахаас ангид байх эрх чөлөө. Сайн эрүүл мэнд, идэвхийг нь дэмжихийн тулд ус болон хоол байнга өгч байна.
2. Таагүй байдлаас ангид байх эрх чөлөө. Орон байр, унтах болон амрах газрыг оролцуулан амьдрах зохих орчинг бүрдүүлнэ.
3. Өвдөх, гэмтэх, өвчин зэргээс ангид байх эрх чөлөө. Зохих арга хэмжээ буюу эрт оношлогоо, эмчилгээ хийх замаар бүрдүүлнэ.
4. Жам ёсны зан үйлийн эрх чөлөө. Харгалзах таатай нөхцөл, хэрэгсэл бүхий байраар хангах, өөртэйгөө адил амьтадтай үерхэх нөхцөл бүрдүүлнэ. (Энэ ч арай л "завхай" заалт шиг санагдаад байгаа юм/
5. Айдас, стрессээс ангид байх эрх чөлөө. Ёс суртахууны зовлонд оруулахааргүй зохих ёсны нөхцөл, харилцааг бүрдүүлнэ.
Ёстой атаархаж үхмээр байгаа биз. Энэхүү мундаг тунхаглалын үзэл санааг орон орнууд хууль хуудсандаа их бага хэмжээгээр тусгадаг юм байх. Жон Вэбстер гэгч лут англи нөхөр санаачилсан эд гэнэ. Аль эрт 1979 оноос хэрэгжиж эхэлж.
Энэ тунхаглалаас өмнө зүгээр л олон улсын "дүрэм" байсан юм байна. Хуучны энэ дүрмээр бол гэрийн болон тэжээвэр амьтад эргэж хөрвөх, өөрийгөө арчлах, босох, хэвтэх, үе мөчөө тэнийлгэн суниах "эрхтэй" байсан юм байна. Энэ ч гэсэн цагдаа, эрүүлжүүлэх, шорон гэх мэт манай хууль, хүчний байгууллагуудад бол Монголын иргэн нэг их голоод байхааргүй "эрх" шүү...
Уурлах уу, гомдох уу...
Ингээд өөрийгөө бодоод үзэхэд уур ч хүрэх шиг. Би их "том" оо. "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулах төсөл, хожим "Хүний эрх", "Сонгуулийн эрх" гэхчилэн асуудлаар нэлээд судалгаа хийж байсанд маань зарчмын ихээхэн алдаа байж. Учир нь би Монгол дахь хүний эрхийг "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-тай харьцуулаад "үзээд" байсан чинь шал буруу байж. Эрт мэдсэн бол амьтны эрхтэй харьцуулж судлаад тэрийгээ шаардаж байсан бол илүү үр дүнтэй байх байж. Тийм биш гэж үү?!
"Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал", "Эрүүл мэнд", "Орон сууц", "Монгол хүн 2020", "Их бүтээн байгуулалт" гэх мэт 300 гаруй хөтөлбөрийг үзэх, судлах, хэрэгжүүлэх явцдаа эхлээд "амьтны эрх" хангагдсан эсэхийг нь заавал харах ёстой гэж өөрийнхөө хувьд шийдэв. Ядаж заалтынх нь тоо цөөн, тогтооход амархан юм чинь шаардахад ч бас амархан л байж таарна. Яаж ийж байгаад энэ "таван эрхийг" хангачихвал дараа нь яахав "хүний эрх мэрх"-ээ ярина л биз...
Ер нь аливаа юмыг томоос нь биш, багаас нь эхэлбэл зүгээр гэдэг биз дээ. Иймээс би одооноос эхэлж амьтантай дүйхүйц байх эрхээ эхэлж "хамгаална" аа.
Би эндүү бодож байж ч магадгүй, одоо манай монголчуудыг "амьтны эрхээр" нийтэд нь хангачихвал их том дэвшил гэж бодож байна шүү дээ. Иргэдээ амьтнаас дор буудчихдаг төрөөс ийм сайн үйл гарахгүй нь мэдээжийн хэрэг.
Гэхдээ цаад дарга нар чинь "чи хүн учраас амьтнаас "бага" эрхтэй" гэж ятгаж тун ч магадгүй юм шүү. Тэгвэл яахав дээ, надад ядаж сармагчингийн (нохой, муур, ноолуурын ямаа, хурдан морины "эрх" гэсэн ч яадгийм ?!) эрх өг, тэгвэл чамайг сонгоё гэж хэлж болно биз дээ...
Судлаач Д.Ганхуяг
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )