Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг АТГ-т хүргүүлж, шалгуулах хүсэлт ирүүлсэн байдаг.
Энэхүү хүсэлтийн дагуу АТГ-аас Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш нийт 201,287,801,513 /хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )