ДАРХАН-УУЛ: Худалдааны гудамж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлого чиглэлийн хүрээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс Дархан-Уул аймгийн найман байршилд “ХУДАЛДААНЫ ГУДАМЖ” гарган, ямар нэгэн татвар түрээсгүйгээр худалдаа эрхлэх нөхцөл боломжийг иргэдэд олгож, ажиллах орчинг бий болгох шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байдаг. 

Энэ хүрээнд өнөөдөр /2022.05.20/ Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайн Худалдааны гудамжийг Амгийн ИТХ-ын дарга С.Насанбат Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Жавхлан Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар албан ёсоор нээж иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонслоо. Зөвхөн энэ гудамжинд л гэхэд 140 гаруй түр ажлын байрыг бий болгож байна. Иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид энд амьд мал, махан бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн хүнс, бараа, түргэн хоолны чиглэлээр худалдаа эрхлэх боломжтой. Мөн 16 давхараас Консулын уулзвар, Наадмын талбай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Дархан-50” цогцолбор, “Морин хуур”, Эрдэнэтийн гүүр, Хараагийн гүүр гэсэн нийтийн эзэмшлийн зам, талбайд шууд худалдаа эхэлж байгаа юм.

Худалдааны гудамжууд нээгдсэнээр орон нутагт нийт 640 гаруй иргэн, ААНБ-ыг зун, намрын улиралд түр ажлын байраар хангах нөхцөл боломж нээгдэж байгаа юм.

Улсдаа анх удаа түрээсгүй худалдааны гудамжуудыг бий болгон иргэд, ААНБ-ддаа бодит дэмжлэг үзүүлж буйд ДАРХАНЧУУД талархалтай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.78.227) 2022 оны 05 сарын 21

УБ-д хэзээ иым гудамжтай болох вэ? Сумьяабазар даргаа????

1  |  0
Top