Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг.  

Тодруулбал, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гарагт /2022.05.27/ хэлэлцсэн.

Уг хурлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарласан билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.05.30/ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг хэлэлцэх гэж байна. 

Дашрамд дурдахад, дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн боловч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. 

Хэргийн тухай сануулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Си Эс” компанид зээл олгосон асуудалд яллагдагчаар татсан бол Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцон шалгаж байгаа. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, бусдад буюу Х.Ганхуягийн хамаарал бүхий хүний эзэмшлийн “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top